🔴LIVE: Хотын дарга Х.Нямбаатар: Баруун аймаг руу явдаг замыг Төв аймагтай холбосон 16 км замыг ирэх жил Замын сангийн хөрөнгөөр хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр төрийн ордонд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтуудын талаар мэдээлэл өглөө. Замын сангаас ирэх жил хоёр ч замын ажлыг эхлүүлэх ба төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулагдах нүүрсийг гүн боловсруулах үйлдвэрийн тендерийг удахгүй зарлах гэж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Яармагийн урдуур тавигдах зургаан эгнээ замын санхүүжилтийг Дэлхийн банкнаас гаргахаар болсон. Тендер нь яагаад зарлагдахгүй байна вэ гэхээр УБЦТС-нд хамаардаг нэг өндөр хүчдлийн шугамыг зайлуулах шаардлага үүссэн учир тус байгууллагатай зөвшилж байна.
Энэ замын эхлэл нь Шинэ Хангарьд орны зүүн талаар орон сууцны хорооллуудын дундуур, урд уулын энгэрээр явж байгаад "Чингис хаан" нисэх онгоцны буудлын авто замтай нийлэх юм. Дэлхийн банкнаас гүүрэн байгууламжийн зардлыг хотоос гаргахыг хүссэн. Замын сангийн ирэх жилийн төсвөөс гаргана.
Мөн, баруун аймгийн замыг Төв аймагтай холбох 16км замын ажил ирэх жил эхэлнэ. Санхүүжилтийг Замын сангаас гаргана. Энэ зам ашиглалтад орсноос Яармагийн замын ачаалал 10 хэдэн хувиар буурах тооцоо гарсан. Та нар мэдэж байгаа баруун аймгаас ирсэн зам Сонсголон болон Яармаг гэсэн хоёрхон замаар хот руу орж ирж байгаа. Энэ зам ашиглалтад орсноор баруун аймгийн иргэд хотоор дайрахгүйгээр Замын-Үүд, Төв аймаг руу зорчих боломжтой болох юм.
Туулын хурдын замын ажил эхэлсэн. Эхэлсэн гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зураг дууссан, карьер болон кэмп байгуулагдсан. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ажиллах хүчний асуудал шийдэгдсэн. Инженерийн бэлтгэл ажил өвөл хийгдээд гуравдугаар сараас ажил нь эхэлж, 2027 оны зургаадугаар сард хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа.
-Томоохон захуудыг хотоос нүүлгэх ажил ямар шатандаа явна вэ?
-Та бүхэн анзаарч байгаа байх, "Нарантуул" захын замын ачаалал эрс багассан. Цахим худалдаа эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор багасаад байгаа юм билээ. Одоо малчдад зориулсан бараа таваар л борлуулдаг болоод байгаа. Захуудыг нүүлгэх ажил хувийн хэвшилтэй зөвшилцөж байж хийгдэнэ.
"Өгөөмөр" захын хойгуур эхлээд явган хүний зам тавигдана. Дараа нь "Ахмадын хороолол"-той холбосон авто зам тавигдахаар газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна.
-Дүүжин тээвэр хэзээ ашиглалтад орох вэ?
-2016 оноос эхэлсэн ажил шүү дээ. Миний үед ажил нь эхэллээ. Би өчигдөр кабины дизайн дээр нь гарын үсэг зурсан.
Дүүжин тээврийн цамхагууд зоогдоод явж байгаа. Ирэх жилийн гуравдугаар сараас эргэлдэж эхэлнэ. Эхлээд шууд хүн тээвэрлэхгүй. Зургаан сарын турш туршилт, тохируулга явагдах юм билээ. Тэрний дараагаас иргэд сууж эхэлнэ.
Иргэддээ хандаж хэлэхэд, галлагааны улирал эхэлсэн. Өрхөө бүтээснээс нэг иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Бид аравдугаар сараас импортын түлш түлж эхэлнэ. НИТХ-ын хурлаас өчигдөр надад эрхийг нь өгсөн. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрсийг гүн боловсруулах үйлдвэрийн тендерийг удахгүй зарлана. Багануурын нүүрсний уурхайг түшиглэн байгуулна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.