Х.Нямбаатар: Нисэхийн тууш замаас Эмээлтийн замтай холбогдох 16 км авто замыг ирэх онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Яармагаас Эмээлтийн замтай холбогдох 16 км шинэ авто замын трассын дагуу ажиллажээ.
НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд хоёр байршилд авто замыг шинэчилж, гурван байршилд шинээр авто зам барина. Үүний нэг нь Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам юм. Уг авто замыг барих тендерийг ирэх 11 дүгээр сард зарлаж, 2026 оны 5 дугаар сард барилгын ажлыг эхлүүлнэ. Энэ замыг цааш Эмээлтийн авто замтай холбох юм. Уг авто замыг ирэх онд багтаан ашиглалтад оруулна гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцлов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ бүтээн байгуулалтын ажил хэд хэдэн үе шаттай. Яармагийн шинэ гүүрнээс урагшаа Яармагийн төв замтай нийлж байгаа хэсэгт гүүрэн байгууламж барина. Төслийн гүйцэтгэгч компани шалгарсан. Ингэснээр Яармагийн замын ачаалал 50 хувиар буурна. Түүнчлэн Яармаг, Сонсголон орчмын авто замын ачаалал цаашлаад Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах тал дээр шинэ төлөвлөлтүүдийг хийсэн. Яармагийн замыг Нүхтийн шороон зам дагуу Нисэхийн хурдны замтай холбоно. Уг замуудын огтлолцож байгаа хэсэгт гүүрэн байгууламж барина. Тус гүүрнээс Буянт Ухаагийн нисэх онгоцны буудлын хашааг дагуулж зам үргэлжилнэ. Цааш Туул гол дээгүүр гүүр тавьж, Хурганы сангийн аж ахуйгаар өгсөн Эмээлт рүү нийлнэ. Ингэснээр баруун аймгаас ирж байгаа автомашинууд Улаанбаатар хотыг дайралгүйгээр Нисэхийн хурдны замаар орж Төв аймгаар явах боломжтой болно. Мөн Буянт-Ухаа ОУНОБ-аас ирж байгаа баруун аймгийг чиглэсэн зорчих хөдөлгөөн Улаанбаатар хотоор дайралгүй гарна. Замын-Үүдээс баруун аймгийг чиглэж байгаа ачаа бараа ч мөн Яармаг, Сонсголонгийн түгжрэл рүү оролгүйгээр Сонгинохайрхан уулын баруун талаар тойроод явах боломжтой болох юм. Ирэх жилд 16 км зам, 260 метр гүүрийг барьж дуусгана” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.