Дэнжийн мянга орчмыг дулаанаар хангах 93 МВт хүчин чадалтай хийн дулааны станц барина

Дэнжийн мянга орчмыг дулаанаар хангах 93 МВт хүчин чадалтай хийн дулааны станц барина

СБД-ийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 93 МВт хийн дулааны станц барина. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллав. 

68d25e44e337fe7967a30203

Тодруулбал, Дэнжийн 1000 орчимд буюу БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгаа 1008 айлын орон сууцны урд хэсэгт 2 га газрыг чөлөөлж, 93 МВт-ын хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Уг төслийн нийт төсөв 100 орчим тэрбум бөгөөд НЗДТГ-аас 20 хувийг санхүүжүүлж, үлдсэн  санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшил өөрсдөө гаргах юм. Энэ онд багтаан уг төслийн олон улсын тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 

68d25e4ce337fe7967a30204

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулахад хамгийн тулгамдсан асуудал бол дулаан хангамж. 1984 онд ТЭЦ-4 баригдсанаас хойш зөвхөн Амгалангийн дулааны станцыг барьсан. Тиймээс Эрчим хүчний яамтай хамтран Дулааны тавдугаар цахилгаан станц болон  тархмал 10 эх үүсвэрийг барихаар ТЭЗҮ боловсруулж байна. Энэ хүрээнд Барилга угсралтын зураг төслийг “Ричвелл инженеринг” ХХК боловсруулж байна. Энэхүү станц ашиглалтад орсноор Дэнжийн 1000 орчмын орон сууцны дулааны хангамж шийдэгдэж, 7 дугаар нэгж хорооллыг дулаанаар хангана. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 170 мянга гаруй айл өрх гэр хороололд амьдарч байна. Орон сууцжуулалтаас гадна дулааны эх үүсвэрүүд хэрэгтэй учраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2026 оноос эхлэн 93 МВт-ын станц, Дамбадаржаагийн станц, Хан Хиллс хотхоны баруун талын станц, ТЭЦ-5, Эмээлтийн ДЦС зэрэг таван төслийг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна Зайсан, Морингийн даваа зэрэг газруудад тархмал эх үүсвэрүүд байгуулна” гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.