Халзанбүрэгтэй хүнд, хөнгөн элемент агуулж буйгаараа бусад ордоос онцлогтой

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзанбүрэгтэй орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр (2025.09.23) Төрийн ордонд болж байна. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалж, Халзанбүрэгтэй орд газрын асуудлаарх холбогдох төрийн байгууллага болон шинжээчийн дүгнэлт, мэдээлэлтэй танилцаж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр:
-Газрын ховор элемент нь бидний мэдэхээр нарны зай хураагуур, салхин сэнсний хөдөлгүүр, батарей, шилэн кабель, хабрид машины бүрэлдэхүүн, дэлгэц хийхэд гол түүхий эд болдог. Дэлхий дахинаа Вьетнам, Бразил, ОХУ, Энэтхэг гэхчлэн тархсан. Олборлолтоороо БНХАУ тэргүүлдэг. 2022 оны байдлаар БНХАУ 2240 мянган тонныг, АНУ 43 мянган тонныг олборлосон үзүүлэлттэй байна. Газрын ховор элемент түгээмэл тархацтай биш. Элбэг тохиолддоггүй. Орд дээрээ ч сарнимал байдаг. Олдоц нь ховор. Хамгийн том тоглогч болох БНХАУ 17 хувь нь хөнгөн, 83 хувь нь хөнгөн элемент ашигладаг. Дэлхийн газрын ховор элементийн нийт нөөцийн 40 хувь нь БНХАУ-д тогтоогдсон. Иймд дэлхийн нийт нийлүүлэлтийн 70 орчим хувийг дангаараа хангадаг. Газрын ховор элемент дэлхийн хэмжээнд асуудал үүсгэсэн сэдэв болоод байгаа. Улс, орнуудын газрын ховрын нөөцийг нэмэгдүүлэх ашиг сонирхол их байна гэв.
Шинжээч н.Лхагвабаатар:
-Монгол Улсын хувьд газрын ховор элементийн судалгааг эрт эхлүүлсэн. Судалгаанд тулгуурлан хувийн хэвшлүүд тодорхой хэмжээний хайгуул судалгааг хийжээ. Нийт дүнгээр харвал бид 1 тэрбум гаруй хүдрийн нөөцтэй, ислээр бол 3.1 сая тонн нөөцтэй гэж дүгнэж болно. Дорноговь аймгийн Хатанбулаг, Ховд аймгийн Мянгат, Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр суманд нөөц бүхий ордууд тогтоогдоод байгаа. Таван аймгийн нутагт 6 орд газар бий. Нэг нь шороон орд. Тав нь үндсэн орд.
Газрын ховор элемент хүнд, хөнгөн гэсэн хоёр хэлбэртэй. “Халзан бүрэгтэй” хүнд, хөнгөн элемент агуулж буйгаараа бусад ордоос онцлогтой. Зөвлөлт, Монголын эрдэм шинжилгээний хамтарсан экспедицийн хээрийн судалгаагаар 1987 онд анх “Халзан бүрэгтэй”-д газрын ховрын хүдэржилт байна гэж тогтоосон. 2011 оноос тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн.
“Монголиан нэшнл Рийр Ийрт корп” ХХК (Mongolian national Rare Earth Corportion (MNREC) өнөөдрийн байдлаар 4 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Нөөцөд үндэслэн ТЭЗҮ боловсруулжээ. Үүгээр, хүчин чадал 5 сая, ашиглалтын хугацаа 39 жил, ашиглалтын технологи нь ил уурхай. Нийт 24 сая тонн баяжмал гаргахаар төлөвлөгөө гаргасан байна. 2022, 2023 онд хайгуул хийж байгаа, 99 цооног гаргаж, өрөмдлөгийн ажил хийжээ.
Сүүлд гаргасан 2023 оны ТЭЗҮ-ээр бол хэрэв ашиглалт эхэлбэл Эрдэнэт үйлдвэр, Цайрт минирал, Шивээ-Овоотой адил ил уурхай үүснэ. Хэрэв үйлдвэр ашиглалтад орвол шингэн шил, шохой, полиакриламид, MIBC (Methyl Isobutyl Carbinol) зэрэг органик химийн бодисуудыг ашиглахаар төлөвлөсөн гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.