Хөгжлийн банк, “Korea investment & securities” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

“Монгол-Солонгосын чухал ашигт малтмал, уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2025” БНСУ-ын Сөүл хотод болж байна.
“Ирээдүйн эдийн засгийн түншлэл ба тогтвортой хөрөнгө оруулалт” уриатай, хоёр орны төр, хувийн хэвшлийнхэн уул уурхайн салбар, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ хөрөнгө оруулалтын боломжийг нээхэд чиглэсэн эл чуулга уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Анар “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавилаа.
Мөн Хөгжлийн банкийг төлөөлж Тэргүүн дэд захирал Х.Эрдэнэбаатар “Эдийн засгийн хамтын ажиллагаанд Монгол Улсын Хөгжлийн банкны оролцоо” сэдвээр илтгэл тавих үеэрээ банкны үйл ажиллагааны талаар танилцуулж, БНСУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжтойг тодотголоо.
Эл чуулга уулзалтын үеэр Хөгжлийн банк, “Korea investment & securities” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэ нь манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хямд зардлаар татах боломж бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.
Эдийн засаг, хөгжлийн яам, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, “Эрдэнэс Монгол” нэгдэл, хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцож буй чуулга уулзалтад БНСУ-ын талаас Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам, KOMIR (БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац), KIGAM (БНСУ-ын Геологи, шинжлэх ухааны судалгааны хүрээлэн) зэрэг байгууллага, томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын гээд нийт 200 гаруй төлөөлөл оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.