Архангай аймагт үхэр төхөөрсөн иргэн боомоор өвчилсөн нь шинжилгээгээр баталгаажжээ

Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол энэ сарын 16-ны өдөр бүртгэгджээ. Тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр боом өвчний арьсны хэлбэр болох нь батлагдсан байна.
Тодруулбал, Тус иргэнийг есдүгээр сарын 16-нд аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт боом өвчний сэжигтэй тохиолдол гэж оношлон тусгаарлажээ. Улмаар аймгийн ЗӨСТ-ийн хариу арга хэмжээний баг лабораторийн шинжилгээнд сорьц авч PCR –аар шинжилжээ авсан байна. Шинжилгээгээр хариу эерэг гарчээ.
Тухайн иргэн Ихтамир сумын Хөхнуур багийн Хатуугийн сайр гэх газарт 2025 оны есдүгээр сарын 6-наас хойш мал худалдаж авсан иргэний 60 гаруй үхрийг төхөөрөхөд оролцсон гэх мэдээлэл байна.
Боом өвчин гэж юу вэ?
- Боом нь өвчтэй мал амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг.
- Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараана.
Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг учир малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.