🔴LIVE: Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй “TECHWEEK 2025” арга хэмжээний нээлтийн ёслол болж байна

Монгол Улсад анх удаа олон улсын жишгийн дагуу зохион байгуулагдаж буй “Технологийн 7 хоног” буюу TECHWEEK-2025 арга хэмжээ “Digital First” уриа дор есдүгээр сарын 19–26-ны хооронд зохион байгуулагдаж байна. 

Энэхүү долоо хоногийн турш 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотод технологийн салбарын хөгжил, инновац, бодлого, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх 50 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь үндэсний хэмжээний томоохон хөдөлгөөн болж байгаагийн илэрхийлэл юм.

Өөрөөр хэлбэл, TECHWEEK-2025 харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох ICT EXPO-2026 -г олон улсын хэмжээнд хүргэх урьтал болж байна.

TECHWEEK-2025-с эхэлсэн технологийн комюнитийн идэвхжүүлэлт ирэх онд зохион байгуулагдах ICT EXPO-2026 хүртэл тасралтгүй үргэлжилж, бүх талын оролцоог нэгтгэн салбарын ирээдүйн хөгжилд чухал түлхэц болох юм.

TECHWEEK-2025-ийн эхний өдрүүдэд юу болов

       Санхүүгийн технологийн компаниуд чуулж, салбарын шинэ шийдэл, инновацуудаа танилцууллаа.

       ШУА-ийн эрдэмтэд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ухаалаг шийдлээ хэлэлцүүлэв.

       Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia 5.0 шинэчлэгдсэн хувилбараа олон нийтэд танилцуулж, төрийн үйлчилгээг илүү ухаалаг түвшинд хүргэх алхам хийлээ.

       Аймаг, орон нутгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төлөөлөл өөрсдийн тулгамдсан асуудал, хөгжлийн шийдлээ хамтдаа хэлэлцэж байна.

ТЕСО Инвестмент ХХК  Зүүн Өмнөд Азийн GRAB-тай стратегийн түвшний хамтын ажиллагааг тогтоолоо

Тэгвэл өнөөдөр Монголын томоохон аж ахуйн нэгж болох ТЕСО Инвестмент ХХК Зүүн Өмнөд Азийн GRAB компанитай хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа. Ингэснээр олон улсад батлагдсан газрын зураг боловсруулах инновацыг Монгол Улсад нутагшуулахаар болж байна. 

Өөрөөр хэлбэл, “Тэсо Инвестмэнт”-ийн хөгжүүлж буй ТИНО супер аппликейшн GrabMaps аппликейшны дэд бүтэц болох дэвшилтэт байршил тогтоох системтэй нэгтгэгдэж, газрын зураг дутмаг бүсийн хаягийн бүртгэл, чиглэлийн нарийвчлал, үйлчилгээний хүртээмжийг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад такси, хүргэлтийн үйлчилгээ, аялал жуулчлал болон цахим худалдааны салбарт шинэ боломж нээж, хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг илүү ухаалаг, хялбар болгоход хувь нэмэр оруулах юм.

TECHWEEK-2025 буюу технологийн 7 хоног арга хэмжээг ийнхүү албан ёсоор эхэлснийг өнөөдөр зарлалаа. “Decentralized” буюу төвлөрсөн бус гэдгээрээ онцлог болж буй TECHWEEK-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээний хөтөлбөрийг tech-week.mn сайтаас харах боломжтой. Ингэснээр та технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, ирээдүйн чиг хандлага, туршлага солилцох, хөрөнгө оруулалтын боломж болон төрөөс энэхүү салбарыг хөгжүүлэхэд баримталж буй бодлогын талаарх мэдээллийг авах боломжтой юм.

Мэдээллийн технологийн үндэсний паркийн  тогтоож буй энэхүү шинэ жишиг нь технологийн салбарын тогтвортой хөгжил, бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, инновацыг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.