АТГ-ын хоёр ажилтан Төрийн ордонд нэвтэрч, С.Ганбаатар гишүүний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан мэдэгдэл хийв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Өнөөдөр буюу 9-р сарын 19-ний өдрийн 15.30 цагийн орчимд АТГ-ын Балдандорж, Батмөнх нарын хоёр мөрдөгч Төрийн ордонд ажилладаг нэр бүхий албан тушаалтны нэр дээр нэг удаа нэвтрэх зөвшөөрөл авч орж ирээд, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд бичлэг хийн орж, гүйцэтгэх ажиллагаа явууллаа.

Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан, Парламентын дархлааг үлэмж сулруулсан, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн УИХ-ын байр, Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан ноцтой асуудал гэж АН-ын бүлэг үзэж байна.

УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үзэж, Үндсэн хуулиар баталгаажсан засаглалын хяналт, тэнцлийг хангах, Парламентын дархлааг бэхжүүлэх нь энэ УИХ-ын бүрэлдэхүүний хувьд нэн чухал гэж үзэж байна. Тиймээс АН-ын бүлэг улсын төсвийн хэлэлцүүлэг дээр авсан хоёр өдрийн завсарлагыг дахин ажлын гурван өдрөөр сунгах хүсэлтэй байна. Ялангуяа төсөв хэлэлцэж буй энэ цаг үед цөөнхийн бүлгийн гишүүдийг онилсон, дайрсан АТГ болон бусад хууль хүчний байгууллагуудын үйл ажиллагаа нь сөрөг хүчин төдийгүй Парламентын дархлааг сулруулах сөрөг үр дагавартай. Иймд УИХ-ын даргаас АН-ын бүлгийн завсарлагыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12.1-д заасны дагуу сунгаж өгөхийг хүсэж байна. АН-ын бүлэг ирэх даваа гарагт хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэнэ. Энэ танхимд сууж буй УИХ-ын бусад гишүүн ч гэсэн цаашид Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг дэмжих юм уу? Энэ асуудал дээр ямар арга хэмжээ авах вэ? Үүнийг УИХ-аар авч хэлэлцэх ёстой гэж үзэж, та бүхнийг үүнд анхаарал хандуулахыг хүсэж байна гэв.. 

Чуулганы нэгдсэн хуралдаан даргалж буй УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Дэгийн тухай хуульд заасны дагуу Ардчилсан намын бүлгийн хүсэлтээр 2026 оны төсвийн төслийн хэлэлцүүлгээс ажлын гурав хоногийн завсарлага өгөв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.