Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дугаар форум боллоо

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дугаар форум боллоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дугаар форумыг энэ сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

2010 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй  тус форумаар хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжил дэвшил, ололт амжилтыг хэлэлцдэг уламжлалтай.

548380741 24458991990429488 8256164533291081898 n

Энэ жилийн форум “Хиймэл оюун ухааны эрин үе дэх Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн найрсаг харилцаа, хамтын  ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдаж, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож, хоёр улсын хэвлэл байгууллагын 14 төлөөлөл илтгэл хэлэлцүүлэв.

Мөн форумын үеэр хоёр орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хамтарсан нэвтрүүлэг хийж түгээх, хэвлэл мэдээллийн солилцоо хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дугаар форумыг хамтран зохион байгуулагч Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны төлөөллүүдээс форумын зорилго, ач холбогдлын талаар тодрууллаа.

db2fb5a9 e196 4e2f 8ebc 708e71f61c6d

ӨМӨЗО-ны ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Юань Юн: Хоёр улсын хэвлэл мэдээллийн форум бол хэвлэл мэдээллийн салбарынхан мэдээлэл, туршлагаа солилцох гол тайз байдаг. Форум 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын хүч хөдөлмөр, найрамдлыг илэрхийлж байгаа. Бид бие биенээсээ суралцах, мэргэжлийн олон талын туршлагаа солилцох нь форумын гол зорилго юм. Энэ цаг эрин бол хамтарч ажиллах ёстой үе болж байна. Тийм болохоор хэвлэл мэдээллийн салбараас эхлүүлээд Хятад, Монгол улс цаашид  хамтарч ажиллах үйлсийг бататгах суурь нь болж чаддаг. Иймээс ирээдүйд хоёр улс илүү олон салбарт хамтарч ажиллах байх гэж найдаж байна.

021ece35b4506e44b123ebde80bea37a

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр: Манайх шиг хүн ам цөөн, тэр дундаа боловсон хүчний дутагдалтайд тооцогдож буй монголын хэвлэл мэдээллийн салбарт хиймэл оюун ухааныг  өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь олон давуу талыг бий болгоно хэмээн үзэж байна. Одоогийн нөхцөлд монголын хэвлэл мэдээллийн салбарынхан хиймэл оюуныг ашиглан мэдээлэл боловсруулах, телевизийн хөтлөгчдийг орлуулах зэргээр хөгжүүлэлтийг хийж байгаа. Цаашид студи дэх 10 камер тус бүрийн ард зураглаач зогсох бус нэг хүн хиймэл оюуныг ашиглан хөтөлбөрийг дамжуулах хүртлээ хөгжих ёстой.

549426327 755191977426730 3693402492523769283 n

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүлзүй хариуцсан Дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар: Хятад улс хиймэл оюун ухааныг  зөвхөн хэвлэл мэдээллийн салбарт төдийгүй олон салбарт өргөн ашиглаж  байгаа. Тиймээс форумаар Хятад улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд өдөр тутмын ажилдаа хиймэл оюун ухааныг хэрхэн ашигладаг туршлагаас нь суралцахаас гадна, манай улс цахим сэтгүүл зүй, телевизийн салбарт АI –г хэрхэн ашиглаж байгаа талаар илтгэлдээ танилцуулж, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд харилцан  мэдээлэл солилцож байгаараа онцлог болж байна.

06f6256e e1bd 4a62 a3d5 2603ede3bc0e

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Гадаад харилцаа, Хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Г.Ариунчулуун: Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын сэтгүүлзүйн салбарын солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын хиймэл оюун ухааны салбарын солилцоо, хамтын ажиллагааг цаашид ахиулж, дижитал болон ухаалаг хөгжил, өөрчлөлтийг илүү идэвхжүүлэх нь дамжиггүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.