Зөөвч-Овоо төсөлд орон нутгийн оролцоотой авто замын бүтээн байгуулалт эхэллээ

Дорноговь аймагт хэрэгжиж буй Зөөвч-Овоо төслийн хүрээнд “Бадрах Энержи” ХХК болон “Замын Битум” ХХК авто зам барих гэрээг энэ сарын 17-нд байгуулжээ.
Энэхүү авто зам нь ирээдүйн уурхайн бүс рүү чиглэх стратегийн дэд бүтцийн нэг хэсэг бөгөөд орон нутгийн иргэдийн өдөр тутмын зорчих нөхцөлийг сайжруулахаас гадна, төслийн бүтээн байгуулалтыг шуурхай явуулахад чухал ач холбогдолтой юм. Үндэсний бүтээн байгуулагч “Замын Битум” компани уг ажлын гүйцэтгэгчээр шалгарч, орон нутгийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахын зэрэгцээ Дорноговь аймгийн Сайншанд болон Улаанбадрах сумын иргэдийг ажлын байраар хангахыг зорьж байгаагаа мэдэгдлээ. Авто замын бүтээн байгуулалтад 310 гаруй ажилтан, цахилгааны шугам татах ажилд 240 гаруй хүн ажиллах боломж бүрдэхээр байна.
Зөөвч-Овоо төсөл хэрэгжсэнээр нийтдээ 1600 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болж, орон нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах юм. Энэ нь зөвхөн дэд бүтцийн чадавхыг сайжруулаад зогсохгүй, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, үндэсний компаниудыг өргөнөөр оролцуулж буйгаараа онцлог болж байна.
“Бадрах Энержи” компанийн дийлэнх хувьцаа эзэмшигч “Орано Майнинг” болон Монгол Улсын Засгийн газар 2025 оны нэгдүгээр сард хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлууд албан ёсоор эхэлсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.