Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулав.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 15, 16-ны өдрүүдэд хуралдаж бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Бодлогын хүүг хэвээр хадгалахад дараах гадаад болон дотоод орчны төлөвийг харгалзан үзлээ. Инфляц энэ оны хоёрдугаар сараас долоодугаар сарын хооронд алгуур саарсан ч, наймдугаар сард бага хэмжээнд эрчимжиж улсын хэмжээнд 8.8 хувьтай гарсан. Үүнд гурил, хүнсний ногоо, махны үнэ нөлөөлсөн.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч, гадаад орчны эмзэг байдал өндөр байгаа энэ үед томоохон төслийг дотоодоос санхүүжүүлэхээр болбол төгрөгийн ханшинд ирэх дарамт нэмэгдэж, инфляц эрчимжиж болзошгүй гэдгийг анхаарах шаардлагатай.
Эдийн засгийн өсөлт 2025 оны эхний хагас жилд 5.6 хувь буюу Монголбанкны хүлээлтийн орчимд гарсан. Үүнд хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийн талаас илүү хувийг бүрдүүллээ.
Монголбанк 2025 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 6 хувь гэж тооцож байсныг 5.8 хувь болгож бууруулсан. Үүнд уул уурхайн салбарын өсөлт хүлээлтээс доогуур байгаатай холбоотойгоор эдийн засгийн өсөлт бага зэрэг саарахаар байна гэж үзсэн. Төлбөрийн тэнцлийн цаашдын төлөвт нүүрсний үнэ эрсдэл дагуулсан хэвээр байна.
Инфляц энэ оны төгсгөлд хүлээлтийн дээд хязгаарт хүрэх боломжтой ч эрсдэлүүд байсаар байна. Иймд зээл санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байх, урт хугацаанд тогтвортой байлгахын тулд бодлогын хүүг хэвээр хадгаллаа гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.