Алслагдсан бүсийн гурил, тэжээлийн үйлдвэрлэлийг сэргээнэ

Алслагдсан бүсийн гурил, тэжээлийн үйлдвэрлэлийг сэргээнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг алслагсдсан бүс нутаг буюу Баруун 5 аймгийн гурил, тэжээлийн хэрэгцээг хангах үйлдвэрлэлийг сэргээх чиглэлээр мэдээлэл цуглуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг Увс аймгийн Баруунтуруун суманд баригдаж буй 10 мянган тонны багтаамжтай үр тариа агуулах элеваторын байгууламжийн бүтээн байгуулалтын явц, газар тариалангийн услалтын систем, ургац хураалттай танилцаж, тариаланчдын санал хүсэлтийг сонсон, Баруун бүсэд гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах чиглэлээр мэдээлэл цуглуулав.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баруунтуруун суманд баригдаж буй 10 мянган тонны багтаамжтай үр тариа хадгалах агуулахын бетонон суурь цутгалт 40 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Гүйцэтгэгч компанийн төлөөлөл энэ онд суурийн ажлыг бүрэн дуусгаж, элеватор суурилуулахад бэлэн болно гэдгийг танилцуулав.

Баруунтуруун суманд усалгаатай газар тариалан эрхэлж буй “Усжуулах” ХК нь 3,200 га эргэлтийн талбайтай, үүнээс 1,535 га-д услалтын систем нэвтрүүлжээ. Услалтын системээ эрчим хүчний төвлөрсөн системд холбож, 29 км урттай хашаагаар тариалангийн талбайгаа хамгаалсан байна. Улмаар хэт хуурайшилттай гантай нөхцөлд усалгаатай талбайгаас 47 хүртэл цн улаанбуудай хураан авч байгаа бол усалгаагүй талбай бүхэлдээ ургац алдсан гэдгийг тус компанийн Б.Ундрах танилцуулжээ.   

ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг Баруунтуруун суманд ажиллах үеэрээ мөн орон нутгийн удирдлагууд болон тариаланчидтай нэгдсэн уулзалт хийсэн. Газар тариаланд суурилсан эдийн засагтай Баруунтуруун сумын услалтын системд усны хэмнэлттэй орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлснээр одоогийн усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэдгийг нутгийн тариаланчид хэлж байна. Тариаланчдын зүгээс тус суманд баригдаж буй 10 мянган тонны багтаамжтай үр тариа хадгалах агуулахыг түшиглэн гурил, тэжээлийн үйлдвэрийг сэргээх бүрэн боломжтой. Гурил, тэжээлийн үйлдвэрийг түүхий эдийг усалгаатай буюу тогтвортой газар тариалангаас хангах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн юм. Мөн 2025 оны зун хэт хуурайшилтын улмаас усалгаагүй тариалан бүхэлдээ ургац алдсан тул арилжааны банкны эргэлтийн хөрөнгийн зээл болон Хөдөө аж ахуйн корпорацын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах,  төмс, хүнсний ногоо тариалагчдад “Дундын техникийн төв” байгуулах, алслагдсан бүсийн урамшууллыг сэргээх зэрэг санал, хүсэлтээ ХХААХҮЯ-ны Төрийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнд тавилаа.

379f0ffbbdaa4c7783d04d97546658d3

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.