🔴УИХ-ын гишүүн Ц.Туваан: Гашуунсухайтын гэрээг хийсэндээ өөрөөрөө бахархдаг, шалгуулахад бэлэн
"Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын гэрээг зогсоох нь Монгол Улсад том хохирол болно. Зарим хүмүүс илт гүтгэж, энэ гэрээг зогсоох ажлын хэсэг байгуулах тухай яриад эхэлсэн байна лээ. Бид нар жоомоо алах гээд байшингаа шатаах вий. Хоёр орны харилцааны чухал асуудлыг улс төржүүлмээргүй байна" гэж УИХ-ын гишүүн Ц.Туваан хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Монгол Улс анх удаагаа өмнөд хөрштэйгөө Засгийн газрын хэлэлцээр байгуулж Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын гэрээг зурсан. Энэ хил холболтын асуудал их хурлаар гурван удаа орсон. Энэ хэлэлцээрийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Засгийн газрын хэлэлцээр УИХ-ын 100 гаруй гишүүний дэмжлэгтэйгээр соёрхон батлагдсан. Тус хэлэлцээрт нууцын асуудал огт байхгүй. Бүх асуудал нээлттэй байсан. Эрдэнэс Тавантолгой ХК хоёр нөхцөлөөр нүүрс борлуулж байгаа. Тодруулбал, уул уурхайн биржээр, ам нөхцөлөөр худалдаалж байгаа. Үнэ дахин шинэчлэгддэг. Хоёрдугаарт нүүрс борлуулалтын гэрээний асуудал.
Ямар ч бартер, ямар ч зээл солих асуудал байхгүй мөнгөө төлөөд шууд борлуулагдаж байгаа. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд Онч хараат, Бортолгой хоёр ордын хайгуулыг баталгаажуулаад олборлолт нэмэгдээд экспортолно гэдгийг судалж байгаа.
Зарим хүмүүс илт гүтгэж, энэ гэрээг зогсоох ажлын хэсэг байгуулах тухай яриад эхэлсэн байна лээ. Бид нар жоомоо алах гээд байшингаа шатаах вий. Хоёр орны харилцааны чухал асуудлыг улс төржүүлмээргүй байна. Намын даргын сонгуулийн асуудлаар нэгнийгээ харлуулахгүй байхыг хүсэж байна. Энэ гэрээг зогсоож болно. Гэхдээ бусад гэрээтэй адил улсад ихээхэн хортой шийдвэр болно шүү.
Би буруу зүйл хийгээгүй учраас шалгуулахад бэлэн байна. Гашуунсухайтын гэрээг хийсэндээ өөрөөрөө бахархдаг. Улс төрч хүний хувьд улс орондоо хэрэгтэй гэрээг хийж чадсан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.