Дээд шүүх О.Цогтгэрэлийг бүртгэхээс өмнө АН генсекээ сонгоно

УИХ-ын 2024 оны сонгуульд АН ялагдсан. Энэ хүрээнд, тус намын бүтцүүд хуралдаж, 2025 оны наймдугаар сарын 31-нд намын шинэ даргаа сонгосон билээ. Дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ялсан.
Улмаар, түүнийг АН-ын даргаар бүртгүүлэх өргөдлийг АН-ын өмнөх дарга Лу.Гантөмөр нь 2025 оны есдүгээр сарын 3-нд Дээд шүүхэд гаргасан юм.
Шүүхийн тухай хуулийн 25.8.8-д зааснаар Дээд шүүх нь улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах, идэвхгүй болон идэвхтэйд тооцох, татан буулгах, тамга тэмдгийн хяналтын, регистрийн, хувийн хэргийн дугаар, гэрчилгээ олгох, хүчингүй болгох, эдгээртэй холбогдсон бүртгэл болон намын нэрийн сан хөтлөх, лавлагаа олгох эрхийг хэрэгжүүлдэг.
Харин, өнөөдрийг хүртэл Дээд шүүх уг асуудлаар хуралдаагүй, тов нь гараагүй байна.
Зарим эх сурвалжийн мэдээллээр, Дээд шүүх АН-ын даргын асуудлыг шийдэхээс өмнө тус нам дотооддоо дахин нэг сонгууль явуулж магадгүй байна. Тодруулбал, АН-ын генсекийг шинээр сонгох бололтой. Тэрээр генсекээ өөрчилсний дараа намын даргаар бүртгүүлэх бололтой.
Өдгөө, тус намын генсекээр УИХ-ын гишүүн асан Н.Ганибал ажилладаг. “...О.Цогтгэрэл АН-ын дарга болохдоо “Нэг Монгол” фракцад харьяалагддаг генсекийг өөрчлөхгүй гэж тохирсон” гэдэг яриа улс төрийн хүрээнд гарсан. Гэхдээ, нэгэнт нөхцөл байдал ийм болж байгаа бол АН шинэ ойрын үед шинэ генсектэй болох магадлал өндөр гэсэн үг.
Одоогоор, генсект өрсөлдөж магадгүй хүмүүсээр С.Баярцогт, М.Мөнхжаргал, Б.Ганибал, М.Чимэддорж, Д.Ган-Очир, Б.Мөнхболор, нарын нэр тус АН-ынхан дунд яригдаж байна. Гэхдээ, “...Хэн генсек болох вэ” гэдэг дээр АН-ын дарга О.Цогтгэрэлийн шийдвэр жин дарах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.ГАРЬД
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.