М.Мандухай: Мал эмнэлгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, бэхжүүлэх, лабораторийн чадавхыг сайжруулахад анхаарах шаардлагатай

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд /2025.09.12/ Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээний шинжээчдийн багийн ахлагч Др Руперто Викторияно Гонгора тэргүүтэй экспертүүдийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын урилгаар эл салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээ хийхээр хүрэлцэн ирсэн экспертүүдтэй уулзаж буйд талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хурал мал аж ахуй, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн Монгол Улсын Их Хурал сүүлийн жилүүдэд мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэх асуудалд онцгойлон анхаарч Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 онд Улсын Их Хурлаар баталж, энэ хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулан ажиллаж буйг дурдлаа.
Ноён Др Руперто Викторияно Гонгора, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага нь малын эрүүл мэндийн чиглэлээр стандарт тогтоодог бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийг үнэлж, энэ чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны давуу, сул талыг судалж, сайжруулах асуудалд зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна гэв. Тэрбээр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль нь мал эмнэлгийн салбарын тогтолцоог ахисан түвшинд гаргахад чухал түлхэц болсныг тэмдэглээд өнөөдрийн хүрсэн өндөр түвшнээ цааш нь алдалгүйгээр хадгалахын тулд анхаарах асуудлаар өгөх зөвлөмж, урьдчилсан дүнгийн талаар удахгүй танилцуулна гэж байлаа.
Уг уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны дарга М.Мандухай оролцсон бөгөөд тэрбээр Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэх гэж байгааг дурдаад мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийг үнэлгээг хийхдээ асуудлыг олон талаас нь судлан, өргөн цар хүрээгээр харж, ажиллахыг хүсэв. Түүнчлэн тэрбээр, Мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд улсын төсвөөс гадна олон улсын түншлэл, технологийн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эл салбарын хүний нөөцийг бэлтгэх, бэхжүүлэх, лабораторийн чадавхыг сайжруулахад анхаарах шаардлагатай талаар санал хэлсний зэрэгцээ тус экспертүүдийн гаргах үнэлгээний тайлан, зөвлөмжид анхаарч, ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.