🔴LIVE: "MiningWeek & MinePro-2025" арга хэмжээний нээлт
"MiningWeek & MinePro-2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулган эхэллээ. Чуулганы хүрээнд БНСУ-ын Гео-шинжлэх ухаан, ашигт малтмалын нөөцийн хүрээлэн (KIGAM), Уул уурхайн нөөцийн корпораци (KOMIR)-ийн павилионы нээлтийн арга хэмжээ боллоо.
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уг арга хэмжээг нээж үг хэллээ.
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-Өнөөдөр бид бүхэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа Ховор металлын судалгааны төв байгуулах ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг болох хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүд болон хөрөнгө оруулагч нарын бизнес уулзалтыг эхлүүлэхээр энд цуглаад байна.
Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр хоёр орны төрийн тэргүүн нар энэхүү хамтарсан судалгааны төв байгуулах асуудлыг хөндөн ярилцаж, улмаар Засгийн газрын түвшинд шуурхай хэрэгжүүлэн, төрийн аливаа шийдвэр залгамж халаагаа алдалгүй үргэлжилсээр ирсэн явдалд Та бүхний оролцоо, хүчин чармайлт өндөр байсныг илтгэж байна.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоож, сайн хөршийн найрамдалт харилцаанаас стратегийн түншлэл хүртлээ хөгжиж ирсэн 35 жилийн ойтой давхцаж байгаад салбарын сайдын зүгээс талархан хүлээн авч байна.
Солонгос Улсаас гянтболд, литий, никель, алт, мөнгө, бал чулуу, цагаан тугалга, зэсийн төрлөөр үйл ажиллагаа явуулдаг, тухайн чиглэлээрээ манай улстай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой аж ахуйн нэгжүүд ирсэн талаар бидэнд мэдээлсэн билээ. Бид бүхний зохион байгуулж байгаа Уул уурхайн 7 хоног арга хэмжээнд ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага, түүний удирдлагууд оролцож хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдээ танилцуулж байгааг дуулгахад таатай байна.
Иймд та бүхэн оролцогч талуудтай зангиагүй уулзалт хийж, халуун дотно яриа өрнүүлэн ирээдүйн хамтын ажиллагааныхаа эхлэл суурийг тавихыг хүсэн ерөөе.
Мөн “Геологийн судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг түшиглэн байгуулж буй хоёр орны хамтарсан Ховор металлын судалгааны төв энэ оны 11 дүгээр сард нээлтээ хийснээр хамтран ажиллах төсөл, хөтөлбөрөө хэлэлцэх боломж та бүхэнд бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Ингээд Уул уурхайн 7 хоног арга хэмжээг зорин ирсэн нийт зочид, төлөөлөгчид, салбарынхаа хамт олонд дахин талархал илэрхийлж, бизнес уулзалт нээснийг мэдэгдье" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.