Балба улсад байгаа Монгол Улсын дөрвөн иргэн зочид буудалд аюулгүй байна

Балба улсын Засгийн газар сошиал медиа хэрэглээг хориглосныг эсэргүүцсэн залуу иргэдийн жагсаал үймээн самуун болон хувирч, цагдаагийн алба хаагчид болон иргэдийн мөргөлдөөнд 19 хүн амиа алдаж, 347 хүн гэмтэж бэртээд байна.
Балбад буй Монгол Улсын иргэдийн нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны яамнаас “Одоогоор Балба Улсад Монгол Улсын дөрвөн иргэн байгаа гэх мэдээлэл байна. Дели дэх ЭСЯ тухайн иргэдтэй холбоотой ажиллаж, үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Бүгд зочид буудалдаа аюулгүй байна, хоол хүнсний хангамж тасраагүй Балба дахь өргөмжит консул болон Дели дэх ЭСЯ-аас тогтмол холбоотой ажиллаж байна.Нэмэгдэж ирсэн мэдээллээр шашны чиглэлээр суралцаж байгаа 11, 13 настай хоёр хүүхэд байгаа. Хариуцсан багштай нь тогтмол холбоотой ажиллаж байна. Аюулгүй нөхцөл байдалд байгаа” гэлээ.
Балба улсад сошиал медиагийн хориг цуцлагдаж, мөн тус улсын Ерөнхий сайд Шарма Оли албан тушаалаасаа огцорсон ч иргэдийн тэмцэл Засгийн газрын бодлого, албан тушаалтнуудын авлигын эсрэг болж өргөжжээ. Тэмцэгчид мягмар гарагт Катманду хот дахь Балбын Засгийн газрын ордныг галдан шатаасан байна.
Хэдийгээр эмх замбараагүй байдлыг өдөөсөн хүчин зүйл нь сошиал медиагийн хориг боловч тус улс дахь ажилгүйдэл, тэгш бус байдлаас үүдэлтэй залуучуудын бухимдал гүнзгийрч буйг уг үйл явдал харуулж байна.
Дэлхийн банкны мэдээлснээр Балба улсын 30 сая хүн амын 20 гаруй хувь нь ядууралд өртөж, залуучуудын ажилгүйдлийн түвшин сүүлийн байдлаар 22 хувьд хүрчээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.