🔴LIVE: ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

-Иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр нээлттэй засгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхээр зорьж байгаа. Энэ хүрээнд иргэдийнхээ ажил хэрэгч санал, шүүмжлэлийг хүлээн авах зорилгоор Dgov.mn цахим хуудсыг ашиглахаар шийдвэрлэлээ.  Ингэснээр Засгийн газрын бодлого, шийдвэрийг төлөвлөх, иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авах, нийгэмд тулгамдаж буй асуудлуудаар цахим хэлэлцүүлэг өрнүүлэх, төрийн албаны үйлчилгээг сайжруулах, төрийн албан хаагчдын үнэлгээг нээлттэй ил тод болгох боломж бүрдэнэ.

20-100 иргэний саналыг авсан санал, шүүмжлэлийг Засгийн газрын бодлогод тусгаж ажил хэрэг болгоход анхаарч ажиллана.

Нэгдүгээрт, төрийн үйлчилгээний чанар хүртээмж болон иргэдийн амьдралын чанарыг сайжруулахтай холбоотой асуудал 20 мянган хүний санал авбал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана. 

Хоёрдугаарт, Засгийн газар хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах, Засгийн газрын бодлого, шийдвэрийг төлөвлөх зэрэг санал нь 100 мянган иргэний санал авбал танхимаараа хэлэлцэж, УИХ-аар шийдвэр гаргуулахад анхаарч ажиллана. 

Гуравдугаарт, Засгийн газрын бодлого, шийдвэрт тодорхой чиглэлээр өөрчлөлт оруулах чиглэлээр гаргасан санал нь 50 мянгаас дээш санал авбал Засгийн газар заавал хэлэлцэж иргэдтэйгээ хамтран шийдвэр гаргадаг болно.

Dgov.mn цахим хуудас маргааш өглөөнөөс ажиллаж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын дараагийн хуралдаанаар журмыг нь тодорхой болгоно. Ямар саналыг ажил хэрэг санал гэж үзэх үү гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг нь тодорхойлно. 

Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар:

-Хууль зүй дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл өнгөрсөн нэгдүгээр сард тушаал гаргаж Дотоодын цэргийн ерөнхий командлагч, бригадын генерал Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Харин бригадын генерал Р.Чингис дээрх шийдвэрийг хууль бус гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байсан. Эл гомдлыг нийслэлийн Захиргааны хэргийн шүүх өнгөрсөн наймдугаар сард хэлэлцээд Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэлийн тушаал нь хууль бус гэж үзээд албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан тул буцаан томилно. 

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гарсан тарваган тахлын нэг тохиолдлоос өөр тохиолдол бүртгэгдээгүй байна. Монгол Улсад тарваган тахлын эсрэг вакциныг зөвхөн халдвар авах өндөр эрсдэлтэй анчид, малчид, холбогдох ажилтнуудад хийдэг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд вакцин оруулж ирээгүй. Учир нь уг вакциныг зөвхөн ОХУ болон Украйнд үйлдвэрлэдэг. Манай улс вакцинд өндөр шаардлага тавьдаг учир оруулж ирэх боломж хязгаарлагдмал байна. Цаашид зайлшгүй тохиолдолд ашиглах тарваган тахлын эсрэг вакциныг нөөцлөхөд онцгойлон анхаарна.

Одоогийн байдлаар тарваган тахлын булчирхайн хэлбэрийн анхны тохиолдол бүртгэгдсэн ч уушгины хэлбэрт шилжсэн тохиолдол гараагүй байна. Халдвар Улаанбаатар болон бусад аймагт тархаагүй бөгөөд хавьтал болсон 110 иргэнийг  хяналтад авсан шинж тэмдэг илрээгүй байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.