Ашигт малтмалын үнэ цэнтэй алтан үеийг ашиглаж чадсан улс орон л хөгжинө

Ашигт малтмалын үнэ цэнтэй алтан үеийг ашиглаж чадсан улс орон л хөгжинө

Газрын гүн дэх нүүрс, зэс, уран гэх зэрэг ашигт малтмалын үнэ цэнтэй алтан үеийг ашиглаж чадсан улс орон л хөгжин, цэцэглэж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд зах зээлийн үнэ нь огт буураагүй цор ганц ашигт малтмал бол уран. Дэлхий дээр ердөө 13 улс ураны нөөцтэй. Түүний нэг нь Монгол Улс. Уран ирээдүйд алтнаас дутахгүй үнэд хүрэх ашигт малтмалаар зүй ёсоор нэрлэгдэж байна.

Уран бол шинжлэх ухааны гайхамшигт ололт. Уран “цацраг идэвхтэй” бөгөөд цаг хугацааны явцад өөрөө задарч, энерги ялгаруулдаг. Түүний онцгой шинж чанарыг нь ашиглан цөмийн реакторын түлшний эх үүсвэр болгодог. Тахианы өндөгний хэмжээтэй ураны түлш нь 88 тонн нүүрс шатааж гаргах цахилгаан эрчим хүчтэй тэнцүү байдаг. Уран хэдийгээр энэ нь маш ховор элемент мэт боловч бага хэмжээгээр дэлхийн хаанаас ч олж болно. Жишээлбэл чулуу, хөрс, ус тэр бүү хэл бидний биед маш бага хэмжээгээр агуулагддаг.

Дэлхий нийт нүүрсний эрчим хүчнээс татгалзаж цэвэр эрчим хүчийг чухалчилж эхэлсэн. Ойрын гучин жил уран гэх ашигт малтмал дэлхий нийтийн моданд байна. Өөр эрчим хүчний эх үүсвэр гарах хүртэл уран гол тоглогч, гол бүтээгдэхүүнээр нэрлэгдэнэ. Ураны үнэ сүүлийн жилүүдэд үнэ нь огт буураагүй ирэх жилүүдэд 250-300 ам.долларт хүрч өсөх тооцооллыг мэргэжилтнүүд гаргажээ.

Дэлхийн хүн ам сүүлийн 100 жилд дөрөв дахин, эрчим хүчний хэрэглээ 22 дахин өсжээ. Цаашдаа ч эрчим хүчний хэрэгцээ шаардлага асар ихээр нэмэгдэнэ. Дэлхийн хөгжингүй орнууд ураныг сонгож, шар нунтаг зах зээлд талх шиг зарагдаж байна. Ирэх 10 жилд Хятад улс цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд анхаарахын зэрэгцээ ураны зах зээлийн тэргүүлэгч худалдан авагч болно. Монгол, Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд уран толгой цохиод ороод ирэх нь мөрөөдөл биш, бодит байдал болно. Учир нь Монгол орны ураны 13 ордын хэмжээнд 192 орчим мянган тонн батлагдсан нөөц 1.5 орчим сая тонн геологийн баялгийг тогтоосон. Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийн 47 улсаас эхний 11 дүгээрт орж байгаа ба дэлхийн нийт нөөцийн хоёр хувийг бүрдүүлж байна.

Ураныг хүн төрөлхтөн газрын дор уусган олборлох аргаар олборлодог. Газар ухаж, хөрс хуулах бүү хэл тоосжилт ч үүсгэхгүйгээр газрын доорх байгалийн баялгийг олборлох энэ арга ирээдүйд уул уурхайн салбарын голлох технологиор нэрлэгдэж буй. 

Шар нунтаг гэдэг нь байгалийн уран. Нэг өгүүлбэрээр хэлбэл, шар нунтаг нь атомын цахилгаан станцад хэрэглэх анхан шатны түүхий эд. Ураныг цөмийн түлш болгох явцад хатуу, шингэн, хийн төлөвт оруулдаг. Байгалийн уран нь газрын гүнд 160-220 метрийн гүнд элсний ширхэгт наалдсан байдалтай байх бөгөөд түүнийг 1 хувийн хүхрийн хүчлийн сулруулсан уусмалын тусламжтайгаар элсний ширхгээс нь салгаж авна. Товчхондоо дан химийн процесс гэсэн үг. Газрын дор уусган олборлох технологийн гайхамшиг, ид шид үүнд оршино. Өөрөөр хэлбэл уранаас болоод хоёр толгойтой тугал, сохор ботго төрөөд байна гэдэг нь хий хоосон айдас, тархи угаалтад автахгүй байж, дэлхийн хөгжлөөс хоцрохгүйг хичээж, хүн төрөлхтний эгнээнд бид нэгдэх нь чухал байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.