🔴А.Амартүвшин: Аравдугаар сарын 1-нээс хагас коксон түлш худалдаанд гаргана

Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ. Энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар мэдээлэл өглөө.

НЗД-ын орлогч А.Амартүвшин:

-Есдүгээр сарын 15-наас Нийслэл хотын галлагааны улирал эхлэнэ. Тиймээс Улаанбаатар хотын 400 борлуулалтын цэг дээр сайжруулсан түлш буюу мидлинг худалдаанд гаргана. Харин аравдугаар сарын 1-нээс хагас коксон түлш худалдаанд гаргана. Энэ жил 40-45 мянган тонн мидлинг борлуулж, 306 мянган тонн хагас коксон түлшийг борлуултанд гаргана. Мөн төв зам дагуу түлш борлуулах цэгүүдийг болиулж, 2, 3 дугаар гудамжинд борлуулна. Ингэснээр зам дагуу ачаалал үүсэхээ болино.

Хагас коксын дээжүүдийг Хятад, Орос, Солонгос Улсын лабораториудад туршилтад оруулсан. Ингэхэд хүхэрлэг хий 89.2, азотын исэл 79.6, угаарын хий 24.5, тоосонцор 68 хувиар буурсан дүгнэлт гарсан. 25 кг-тай нэг шуудай шахмал түлш 3750 төгрөг, 25 кг-тай нэг шуудай хагас коксон түлш 5000 төгрөгөөр худалдаалагдана. Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн иргэд “сайн” карт болон аппликэйшнээр нүүрсээ худалдан авч болно. Харин Арванхоёрдугаар сарын 15 ны өдрөөс эхлэн “сайн” картыг хэрэглээнээс бүрэн гаргаж зөвхөн аппликэйшнээр хагас коксожсон түлшээ худалдан авах юм.

Аж ахуй нэгж, байгууллагууд түүхий нүүрс огт хэрэглэхгүй мидлинг, сайжруулсан түлшээр дулаанаа хангах юм. Нийслэлийн засаг дарга захирамж гарган энэ өвөл нийслэл хот руу түүхий нүүрс оруулахыг бүрэн хориглоод байна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.