Хөвсгөл аймагт тарваган тахлаар өвчилсөн 1 иргэн нас барж, 88 иргэнийг тусгаарлажээ

Хөвсгөл аймагт тарваган тахлаар өвчилсөн нэг иргэн нас барж, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд байгаа 88 иргэнийг тусгаарласан тул тус аймгийн хоёр сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн гэж Хөвсгөл аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Хөвсгөл аймгийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг гаргажээ.
- Цагаан-Уул, Мөрөн суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол батлагдаж аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Мөрөн, Цагаан-Уул сумдад 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ.
- Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, соёл урлаг, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх секц дугуйлан, спорт заал, биллиард, РС тоглоомын газрын үйл ажиллагааг 2025 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл (7 хоног) зогсоожээ.
- Хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон хугацаанд сургалтын хөтөлбөрийг тасалдуулахгүй теле болон цахим хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Боловсролын газрын дарга (О.Бадраа), Мөрөн, Цагаан-Уул сумын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосон байна.
- Хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан 0-8 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагт зохицуулалт хийх, цахимаар ажиллах боломжоор хангах, хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгожээ.
- Мөрөн, Цагаан-Уул сумаас иргэдийн гарах зорчих хөдөлгөөн хязгаарлажээ.
- Зах, худалдаа үйлчилгээний төв, ресторан, баар (лоунж, кафе), согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг 9 дүгээр сарын 7-ны өдрийн 23:00 цагаас 9 сарын 10-ны өдрийн 23:00 цаг хүртэл (72 цаг) зогсоожээ.
- Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд шаардлагатай цэгүүдэд хяналтын постыг ажиллуулах, түр хугацаагаар зогсоосон үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Биеийн тамир, спортын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Авто тээврийн төв, Мөрөн, Цагаан-Уул сумын Засаг дарга, аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч нарт даалгажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.