Аваргын төлөөх дөрвөн багийн өрсөлдөөн өнөөдөр эхэлнэ
Эмэгтэйчүүдийн волейболын 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатанд орлоо.
Тайланд улсад наймдугаар сарын 22-ны өдөр эхэлсэн энэ удаагийн ДАШТ-д шилдэг 32 багаас шигшигдсээр хагас шигшээд Япон, Турк, Итали Бразил зэрэг хүчирхэг дөрвөн баг тунан үлдээд байна.
Бразил улсын хувьд зургаа дахь удаагаа хагас шигшээд шалгарч буй нь энэ бөгөөд өнөөдрийг хүртэл хараахан хүртэж амжаагүй дэлхийн аваргын цомын төлөө дахин дайралт хийж байна. Тэд өнөөдөр дэлхийн аваргын иж бүрэн медальт Италийн хүчирхэг багтай тулна.
Харин нөгөө хэсэгт түүхэндээ анх удаа ДАШТ-ий хагас шигшээд шалгараад буй Туркийн баг дэлхийн гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл буюу нийт долоон медальтай хүчирхэг Японы багтай учраа таараад байна. Япон улсын баг хамгийн сүүлд одоогоос 15 жилийн өмнө хүрэл медаль хүртэж байсан ба тэд мэдээж 1974 оноос хойш хүртээгүй байгаа алтан медалиа дахин авах хүчтэй дайралт хийж буй нь дамжиггүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.