Монгол, Казахстаны нислэгийн давтамжийг тогтмолжуулах чиглэлээр санал солилцжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановын урилгаар тус улсад албан ёсоор айлчилж байна. Айлчлалын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНКУ-ын Парламентын Сенатын дарга М.Ашимбаетай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо.
Сенатын дарга М.Ашимбаев Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойн мэндчилгээг УИХ-ын даргад дэвшүүлж, ардчилсан хөгжлийн замналыг эхлүүлснээс хойших Монголын парламент улам бүр төлөвшин ард түмний хүсэл эрмэлзэл, эрх ашгийг хангахын төлөө зүтгэж ирснийг сайшаан тэмдэглэв. Тэрбээр, хоёр улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч ажилладаг хэмээн Казахстан-Монголын парламентын бүлгийн гишүүдийг танилцууллаа. Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэн шинжлэх ухаан, боловсролын салбарт харилцаагаа эрчимжүүлэхийг зорино гэв.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан төрийн дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа хоёр улсын бат бөх харилцааны тулгуур болж ирснийг онцоллоо. Түүнчлэн БНКУ-ын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановтой хийсэн албан ёсны хэлэлцээг үр дүнтэй хэрэгжүүлэх, харилцан өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарна хэмээлээ. Монгол Улсын Их Хурал, Казахстан Улсын Парламентын Мажилис хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, харилцааны эрх зүйн үндсээ бэхжүүлсэн нь айлчлалын онцлох ач холбогдолт үйл явдлын нэг боллоо гэдэгт талууд санал нэгдэв.
Уулзалтын үеэр бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, зам тээврийн салбарт тулгамдаж буй саад бэрхшээлийг шийдвэрлэх, шинэ маршрут бий болгох, шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тогтмолжуулах боломжит шийдэл зэрэг асуудлыг хөндлөө. Уулзалтын дараа айлчлалын бүрэлдэхүүн Сенатын ордонтой танилцав.
Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн гишүүд болон УИХ-д суудал бүхий 5 нам, эвслийн төлөөлөл яваа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.