О.Магнай, Э.Болорчулуун нарыг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, зорчих эрх хасах ял оноолоо

О.Магнай, Э.Болорчулуун нарыг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, зорчих эрх хасах ял оноолоо

АН-ын дэд дарга, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, тус албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Х.Алтанцэцэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн зэрэг 11 хүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалан наймдугаар сарын 25-наас хойших ажлын өдрүүдэд хэлэлцэн өчигдөр шийтгэх тогтоолоо танилцууллаа.

Ингэхдээ О.Магнай, Э.Болорчулуун, Ц.Шижир, Х.Эрдэнэ, Ш.Ядамдорж, Б.Бямбацогт, Х.Алтанцэцэг нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт хатгагч, гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм. Шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Б.Батцэрэн нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 23.5-1 дэх хэсгийн “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан” гэм буруутайд тооцлоо. Гэвч уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв. НШШГГ-ын дарга асан, өдгөө ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга болсон, хурандаа Б.Цогжаргал, ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Саруул нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа. 

О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа хурандаа Б.Цогжаргалд хөндлөнгөөс нөлөөлсөн. Улмаар Б.Цогжаргалын тушаалаар шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нар Баянгол дүүргийн нутагт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаны хөрөнгөө оруулж барьсан 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяар үнэлэн О.Магнайгийн ээж С.Отгонжаргалын “Дархан цамхаг” компанид шилжүүлсэн. Дээрх гадаадын иргэнд О.Магнай 2014 онд 300 мянган ам.доллароор зарсан газар дээрээ барилга бариулчихаад ийнхүү үнэлүүлж шилжүүлэн авахад шийдвэр гүйцэтгэгч нар албан тушаалаа ашиглан оролцсон хэрэгт буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх хэлэлцээд дээрх байдлаар шийдвэрлэв. НШШГГ-ын ажилтнууд 2018 оны тавдугаар сарын 16-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх Ливаны иргэний эзэмшлийн “Седарс партнерс” ХХК-ийн мэдэлд байсан 11 давхар объектыг хураан авч, 724 сая төгрөгөөр үнэлж, хоёр хоногийн дараа О.Магнайгийн хамаарал бүхий “Дархан цамхаг” ХХК-д шилжүүлсэн байдаг. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад хууль зөрчсөн гэж шүүх дүгнэсэн учраас өдгөө “Дархан цамхаг”-ийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг буцаан “Седарс” ХХК руу шилжүүлэн өгөх, О.Магнайгаас хохирол төлбөрийг гаргуулахаар болов.

Үүнээс гадна нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуунд О.Магнай нөлөөлж ээжийнхээ эзэмшлийн “Баянцамхаг” ХХК-д Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан хэмээн буруутгагдсан юм. Харин Газрын албаны дарга асан Э.Болорчулууны хувьд Ц.Шижиртэй хамт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын газраас дур мэдэн “Нармон” ХХК, авга дүү Б.Бямбацогт тэргүүтэй хүмүүст олгосон, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох заалтыг зөрчин “Эко констракшн”-ы С.Нямдаваагийн эзэмшиж байсан, Сүхбаатар дүүргийн нутаг дахь 6750 ам метр талбайн хэмжээг нэмэгдүүлж, 12 649 болгож газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан гэх зэрэг үйлдэлд буруутган прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Шүүхээс Э.Болорчулууныг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж 10 газрыг бусдад эзэмшүүлж давуу байдал олгосон гэм буруутайд тооцлоо.

Шүүх гэм буруутайд тооцсон хүмүүст эрүүгийн хариуцлага оноох хурлыг үргэлжлүүлэн хийсэн бөгөөд прокуророос О.Магнайд нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, нэг жил зургаан сар, Э.Болорчулуунд төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, гурван жил зургаан сар, Ц.Шижирт дөрвөн жил зургаан сар, Х.Алтанцэцэгт нэг жил хорих, Б.Бямбацогт, Х.Эрдэнэ, Ш.Ядамдорж нарт 1-2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноох саналаа илэрхийлсэн юм. Гэм буруутайд шүүх тооцсон нэр дурдсан хүмүүс ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан торгох ял оноож өгөхийг хүсэж байлаа. Энэ бүхний эцэст Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайхан зөвлөлдөх тасалгаанд орж, нэлээд удсаны эцэст шийтгэх тогтоолоо танилцуулав. Ингэхдээ О.Магнайгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жилийн хугацаанд оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг нь хязгаарлахаар боллоо. Э.Болорчулуун, Ц.Шижир нарын төрийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, мөн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлав. Х.Алтанцэцэгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж нэг жил зорчих эрх хязгаарлах, Б.Бямбацогтыг нэг сая төгрөгөөр торгох, Х.Эрдэнэ, Ш.Ядамдорж нарт 15 сая төгрөгөөр торгох, зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноолоо. Мөн О.Магнайгаас 500 сая, Ц.Шижирээс 340 сая, Х.Эрдэнээс 300 сая төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ. Энэ гурван хүнийг газар наймаалж уг мөнгөн дүнгээр үнэлэгдэх ашиг олсон гэж шүүх дүгнэсэн юм.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дууя 10 цаг өмнө
Зөв