Korean Air компани нислэгийн үеийн долоон төрлийн тусгай хоолоо шинэчилжээ

Korean Air компани энэ сарын 4-ний өдөр нислэгийн үеийн тусгай хоолны долоон төрлийн цэсээ шинэчилсэн тухайгаа зарлалаа. Энэхүү шинэчлэлтийг эрүүл мэндийн сүүлийн үеийн чиг хандлага болон зорчигчдын санал хүсэлтэд тулгуурлан, хоолны найрлага, жорыг бүхэлд нь сайжруулан хийжээ.
Тус компани тусгай хоолны жорыг илүү мэргэжлийн түвшинд боловсруулах зорилгоор Инха их сургуулийн эмнэлгийн хоол тэжээлийн багтай энэ оны хоёрдугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулж, зургаан сарын хугацаанд шинэ цэсийг ийнхүү гаргасан байна. Шинэ цэсэнд чихрийн шижин, зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх зэрэг нийтлэг тохиолддог өвчний эмчилгээний хамгийн сүүлийн үеийн удирдамжийг баримталж, мэргэжилтнүүдийн тавьсан тусгай шалгуурыг бүрэн хангажээ.
Мөн олон нийтийн дунд эрэлттэй байгаа хөгшрөлтийг удаашруулах болон Газар дундын тэнгисийн хоолны дэглэм зэрэг эрүүл амьдралын хэв маягийг хоолны цэсэндээ тусгасан байна. Ингэснээр зөвхөн хоолны шим тэжээллэг чанар дээшилээд зогсохгүй, амт чанар, харагдах байдал нь ч сайжирчээ.
Korean Air компанийн дэглэмийн хоолны цэсийн онцлогууд:
-
Өөх тос багатай, чихрийн шижингийн, илчлэг багатай хоол: Одоогийн цэстэй харьцуулахад нүүрс усны хэмжээг багасгаж, цусан дахь сахарын хэмжээг аажмаар нэмэгдүүлдэг хүнсний ногооны хэмжээг нэмэгдүүлсэн. Антиоксидант үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ амт, үзэмжийг баяжуулах үүднээс ногоон, улаан, шар зэрэг олон өнгийн ногоог ашигласан. Улаан махнаас ханасан өөх тос багатай хавтгай загас, тахианы махыг түлхүү хэрэглэх болсон.
-
Цочрол бага үүсгэх хоол: Хоол боловсруулах үйл явцыг хөнгөвчлөхийн тулд ихэнх ногоог хальсалж, зөөлөн болгосон. Гэдэс дүүргэх, тослог ихтэй, хурц үнэр, амттай орц найрлагыг хассан. Зорчигчдын санал хүсэлтийн дагуу гадил, тарвас, амтат гуа, лийр зэрэг зөөлөн, шинэхэн жимсийг нэмж оруулсан.
-
Цавуулаггүй хоол: Талх болон шөлөнд улаан буудайн гурилын оронд цагаан будааны гурил хэрэглэдэг болсон. Хоолны орцонд зөвхөн "цавуулаггүй" гэсэн шошготой бүтээгдэхүүн ашиглахаас гадна, улаан буудай боловсруулдаг үйлдвэрт үйлдвэрлэсэн ямар ч бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх зарчмыг баримталж байна.
-
Давс багатай хоол: Нэг удаагийн хоолонд хэрэглэгдэх сүмс, амтлагчийн нийт давсны агууламжийг 1 грамм (400мг натри)-аас бага болгон бууруулсан. Хоолны амтыг сайжруулахын тулд хурц амт, үнэртэй амтлагчийн оронд давсгүй цөцгийн тос, ургамлын тос, анхилуун үнэрт ногоо зэргийг ашиглаж байна.
-
Лактоз хязгаарласан хоол: Лактоз агуулсан бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, лактозгүй орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэж байна. Өмнө нь өглөөний цайнд шар буурцагны сүү өгдөг байсныг сүүлийн үед эрэлт ихтэй болсон Грекийн лактозгүй таргаар сольжээ.
Эрүүл мэндийн шалтгаанаар тусгай хоолны дэглэм барих шаардлагатай зорчигчдод зориулан, анагаах ухаан, хоол тэжээлийн арвин туршлагад үндэслэн эдгээр тусгай хоолыг санал болгож байна. Тусгай хоолыг First, Prestige, Economy ангиллын бүх зорчигчид захиалах боломжтой бөгөөд нислэгээс 24-өөс доошгүй цагийн өмнө Korean Air компанийн албан ёсны вэбсайт болон үйлчилгээний төвөөр дамжуулан урьдчилан захиалах шаардлагатай.
Эх сурвалж: Korean Air
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.