О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг дахиад прокурорт буцаав

О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг дахиад прокурорт буцаав

Цахим мөнгө буюу IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт яллагдагчаар татагдсан “Ихбит” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Улмаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнийн захирамжийг хэвээр нь үлдээв.

Тус шүүхэд өнгөрсөн зургаадугаар сарын 19-нд О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийгээд прокурорт буцаах захирамж гаргасан юм. Үүнийг нь прокурор эсэргүүцсэн ч ийнхүү амжилт олсонгүй. Яллагдагч хоёр хүний найман өмгөөлөгчийн хэргийг буцаах саналыг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.20-1 дэх хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн хуурамч арилжаа хийсэн, үнэ ханшийг зохиомлоор тогтоосон, эсхүл оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах зорилгоор хууран мэхэлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт дээрх шүүхэд шилжүүлээд байсан юм. Өмнө нь О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг 2024 оны дөрөвдүгээр сард шүүхэд шилжүүлж байсан бөгөөд тэднийг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий коины үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар коиноо арилжсан, мөнгө угаасан, худал мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг урвуулан ашигласан хэмээн Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2, 18.6-1, 18.20-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт тухайн үед үйлдэж байв.

Гэвч шүүхээс хэргийг буцааснаар зарим зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 18.20-1 дэх хэсгийн дагуу яллагдагчаар тооцсон аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.