Газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонны нөөцтэй манай улс дэлхийд “моод”-нд орж байна

Дэлхийн хэмжээнд газрын ховор металлын эрэлт хэрэгцээ тогтмол өсөж байна. Орчин үеийн технологийн хөгжил нь газрын ховор элементүүдийн хэрэглээнээс шууд хамааралтай болсон. Өндөр технологид суурилсан аж үйлдвэр хөгжихийн хэрээр чухал шаардлагатай түүхий эд болох стратегийн металлын эрэлт ч дагаад огцом нэмэгдсээр байна. Газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонны нөөцтэй манай улс дэлхийд “моод”-нд орж байгаа энэ алтан үеэ ашиглаж, улсаа бүрэн тэжээх энэ салбараа хөгжүүлмээр байна.
Газрын ховор элемент гэж нэрлэдэг боловч үнэндээ мөнгө, алтнаас нь хэд дахин их тархалттай Менделеевийн үелэх системийн элементүүдийн төлөөх дэлхийн улс гүрнүүдийн тэмцэл ид өрнөж байна. Газрын ховор элемент нь цөөн хэдхэн улсын нутагт байдаг төдийгүй олборлолт, боловсруулалтыг технологи өндөр хөгжсөн цөөн улсад хийдэг тул стратегийн өндөр ач холбогдолтой, нэн чухал түүхий эдийн жагсаалтаа оруулдаг.
Дэвшилтэд технологийн эрин зууны гол түүхий эд болсон эдгээр элементийг бие биеэс нь салгах үйл явц нарийн төвөгтэй учраас газрын ховор элемент гэж нэрийджээ. Ижил төрлийн хүдрийн ордуудад хамтдаа олддог Менделеевийн үелэх системийн лантаны бүлгийн 17 элементийг газрын ховор элементэд тооцдог.
Эдгээр элементийг батлан хамгаалах, эрүүл мэнд, сансар судлал гэх зэрэг ашигладаггүй салбар гэж үгүй. Түүнчлэн бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утас, зөөврийн төхөөрөмж, цахилгаан машин зэрэгт ашиглагддаг орлуулшгүй түүхий эд юм.
• Технологи: Газрын ховор элемент нь ухаалаг гар утас, зөөврийн компьютер болон бусад электрон төхөөрөмжүүдэд ашиглагддаг өндөр хүчин чадалтай соронз, батарей, дэлгэцийн системийг үйлдвэрлэхэд үндэс суурь болдог.
• Ногоон эрчим хүч: Нарны хавтан, салхин цахилгаан үүсгүүр, цахилгаан машин үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой REE нь манай нийгмийг тогтвортой ирээдүй рүү чиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
• Эрүүл мэнд: Төрөл бүрийн анагаах ухааны технологид ажилладаг REE-ийг MRI аппаратаас олж, хорт хавдрын эмчилгээний процедурт ашигладаг.
• Батлан хамгаалах: Тийрэлтэт хөдөлгүүрээс удирддаг пуужин хүртэлх хэрэглээний хувьд эдгээр элементүүд нь үндэсний батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд амин чухал юм.
Технологийн тэргүүлэгч гүрнүүд газрын ховор элементийн найдвартай эх үүсвэрээр аж үйлдвэр, шинжлэх ухааны салбараа хангахгүй бол технологийн хөгжлөөс хоцорч, байгалийн баялагтай орнуудтай өрсөлдөх чадвараа алдана гэдгээс эмээж байна.
Монгол Улс зэс, газрын ховор элементийн арвин нөөцөөрөө дэлхийд “моод”-нд ороод байна.
Монгол улсын хэмжээнд газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тонны нөөцтэй, нийт 6 орд илрүүлснээс 4 нь том, 2 нь жижиг орд аж. Монгол Улс зэс, газрын ховор элементийн арвин нөөцөөрөө дэлхийд “моод”-нд ороод байна. Манай улсад газрын 16 төрлийн ховор элемент бий. Тодруулбал, Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүрэгтэй гэх мэт хэд хэдэн газрын ховор элементийн орд, 80 гаруй илэрцүүд байна. Монгол Улс энэхүү эрдсийн баялгаараа дэлхийд эхний 15-д ордог бөгөөд эдгээр ордыг бүрэн ашиглаж, цаашид боловсруулалтад шилжүүлэх шаардлагатай болжээ.
Бид газрын ховор элементийн хүдрийг, бага агуулгатай үнэ цэнгүй баяжмалаа экспортлохын оронд нэмүү өртөг шингэсэн зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн нийлүүлэх стратегийг цаг хугацаа алдалгүй боловсруулан хэрэгжүүлэх нь чухал байна.
Газрын ховор элемент, лити, кобальт зэрэг ашигт малтмалын эрэлт ирэх 10 жилд 600% өсөх төлөвтэй байна. Газрын ховор элемент нь Монгол орны хөгжлийг тодорхойлогч нэг чиглэл болох ирээдүйтэйгээс гадна нүүрсний экспорт шиг улсаа бүрэн тэжээх энэ салбараа хайгуулаас нь эхлээд хөгжүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд сануулсаар байна.
Дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн хэрэглээ жилд дунджаар 170.000-200.000 тонн байна. Дэлхий дээрх газрын ховор элементийн ордуудад баяжмалын тогтсон үнэ байдаггүй. Газрын ховор элементийн ордын хүдрийн үнэ цэнэ нь тухайн ордын хүдрийн нөөцийн хэмжээнээс хамаарахгүй. Харин тухайн ордын нөөцөд үнэтэй газрын ховор элемент хэр их агуулагдаж байгаагаас шалтгаалан тодорхойлогдож байна. Түүнчлэн баяжмал дахь неодим, празеодим, терби, европын агуулга өндөр байвал тухайн баяжмалын үнэ цэнэ хоёр дахин өсөх тохиолдол байдаг.
БНХАУ газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээнд дэлхийд “ноёрхож” байна
Газрын ховор элемент нь аливаа улс орны үндэсний аюулгүй байдал, өндөр технологийн өрсөлдөөнд тэргүүлэх байр сууриа бататгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа дэлхийн их гүрнүүд стратегийн чухал ач холбогдолтой ийм ашигт малтмалуудын нөөцтэй бусад улс орнуудаас нийлүүлэх, авах бодлого барьж байна.
Дэлхий нийтийн хэмжээнд БНХАУ газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээнд “ноёрхож” байна. Европын холбооны орнууд, АНУ, Япон зэрэг үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнууд Хятад улсаас хамааралтай энэ байдлаасаа гарахын тулд өөр эх үүсвэр хайх бодлогоо тасралтгүй үргэлжлүүлсээр байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-д байрлах Баян Овоогийн уурхай нь дэлхийн хамгийн том газрын ховор элементийн орд гэж тооцогддог. Дэлхийн газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээний 80 орчим хувь нь БНХАУ-д төвлөрдөг аж.БНХАУ-аас гадна хэд хэдэн улс газрын ховор элементийн ордуудтай. Аргентин, Болив, Чили улсууд нийлээд цахилгаан машин, зай хураагуурын чухал түүхий эд болох литийн 50-60 орчим хувийг нийлүүлдэг. Конго Улс нь кобальт, колтаны нөөцөөр дэлхийд тэргүүлдэг ордуудтай. Түүнчлэн Украин улс энэ төрлийн ашигт малтмал, байгалийн баялаг нөөцтэй. Украин улс дэлхийн нийт газрын ховор элементийн ордуудын 5 орчим хувийг, Европын хамгийн том литийн нөөцийг эзэмшдэг. Мөн Бразил, Канад, Гринланд, Энэтхэг, Индонез, Орос, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Замби улс тодорхой баялаг нөөцтэй.
Украин улс ойрын ирээдүйд титан, лити, берилли, манган, галли, уран, циркон, бал чулуу, апатит, флюорит, никель зэрэг газрын ховор элементийн гол нийлүүлэгч болох нь тодорхой гэж судлаачид үздэг. Тус улс нь Европ дахь титаны нөөцөөрөө тэргүүлэгч буюу (дэлхийн нийт нөөцийн 7%)-ийг эзэмшдэг. Энэ агуулгаараа Украин өнөөдөр улс орнуудын анхаарлын төвд, улс төр, геополитикийн өрсөлдөөн, “дайны талбар” болоод байна гэж дүгнэж болох юм.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.