Шинэ Зеланд Улсын Парламентын даргын айлчлал өндөрлөв

Шинэ Зеланд Улсын Парламентын даргын айлчлал өндөрлөв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөсөн Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2025.09.03) буцжээ.

 Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Улсын Их Хурал дахь Монгол, Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс үдэн мордуулав.

Олон улсын Чингис хаан нисэх буудлаас төлөөлөгчдийг үдэн гаргах үедээ Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Шинэ Зеландын Парламентын дарга Жерард Браунлид Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн талархлын захидал болон айлчлалын үеийн фото зургийн цомгийг дурсгал болгон гардуулав. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн энэхүү албан ёсны айлчлал Монгол, Шинэ Зеландын харилцаа, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, парламент хоорондын харилцааг шинэ түвшинд гаргаж, харилцан ойлголцлыг улам бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан чухал алхам болсныг Улсын Их Хурлын дарга талархлын захидалдаа дурджээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.