С.Баярцогт Ерөнхийлөгчид дэвшиж, Лу.Гантөмөр Бүлгийн дарга болох уу

С.Баярцогт Ерөнхийлөгчид дэвшиж, Лу.Гантөмөр Бүлгийн дарга болох уу

АН-ынхан 2024 оны сонгуулиа сая дүгнэж, намын даргаа шинээр сонголоо. Ингэснээр, тус нам 2028 оны сонгуульд О.Цогтгэрэл гэдэг даргатай орохоор болж байна.

Гэхдээ, түүнээс өмнө “...Намынхаа дотоод зохион байгуулалтыг сайтар тогтож, сонгууль угтсан улс төрийн ямар арга барилаар ажиллах вэ” гэдэг дээр чамбайхан бодлого гаргах ажил О.Цогтгэрэлийн өмнө байна. Анхнаасаа л байсан, АН-ын бараг имиж шахуу болчихсон олон фракцынхаа эв зүйг олох л түүнд хамгийн хэцүү нь байх болов уу. Учир нь, намын даргаар дөнгөж сонгогдонгуут л фракцууд нь энд тэндээс нь гомдол чирэгдэл гаргаад эхэлж буй бололтой.

О.Цогтгэрэлийг “...С.Баярцогтын үгнээс гарахгүй байна. “Тэсо” дээрээ, бас “Скай гарден” хавиар зөвхөн түүнтэй л уулздаг боллоо. Мөн, “Од” фракцынхан ч ийм уулзалтуудад орж, намын шинэ даргад нөлөөтэй байна” гэх яриа фракцуудаас нь гаргах болов.

Түүнчлэн, “...О.Цогтгэрэл 2027 онд С.Баярцогтыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, Лу.Гантөмөрийг Бүлгийн дарга болгоно. “Нэг Монгол”-д генсекийн суудлыг үлдээж, Н.Ганибалыг хэвээр байлгана гэж амласан” гэлцэж байна.

Ер нь бол, АН-ын сая болсон дотоод сонгуульд С.Баярцогт ихээхэн үүрэгтэй ажилласан. Хэрэв тэр “улс төрийн зураг”-ийг сайн гаргаж ажиллаагүй бол АН-ын даргын сонгууль нэлээд хэл амтай, ер нь л гацаа саад ихтэй болох байв. Наад зах нь, АН-ын залуус “...Үндсэн дүрмээ шинэчилж байж намын даргыг сонгоно” гээд гацаачихна. Үүнээс гадна, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу гээд эвгүй өрсөлдөгчид гарч ирж, санал хуваагаад 1-2 өдрийн биш нэг намаржингийн ажил болгох байсан ч байж мэдэх юм.

С.Баярцогт л энэ бүх галаас эвтэйхэн тойруулаад АН-ыг маш их эв нэгдэлтэйгээр харуулж байгаад шинэ даргатай болгосон. Тэр утгаараа, тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшихэд гайхах зүйлгүй

Гэвч, аль хэдийнээс Ерөнхийлөгчид нэр дэвшихээр яригдсан Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, С.Ганбаатар, Б.Пүрэвдорж нар бас бий. Удахгүй энэ асуудлаар АН-ынхан дотроо “зөвшилцөх” шаардлага үүснэ. Түүнээс өмнө, “...О.Цогтгэрэлийн хашиж буй УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалд хэн очих вэ” гэдэг дээр нэлээд яриа хөөрөө болох шинжтэй байна.

АН-д явж буй дээрх албан бус мэдээллээс харахад, О.Цогтгэрэл дарга нь болохоор АН-ын хуучин дарга Лу.Гантөмөрт УИХ дахь АН-ын бүлгийн даргын албаа амлачихсан юм байна. Харин АН-ын 40 гаруй гишүүн намынхаа даргын “санал”-ыг зөвшөөрөх эсэх нь бүрхэг юм. Фракц болгон нь энэ албан тушаалд амбицалж таарна.

Тиймээс, АН даргаа шинээр сонгоод амар амгалан болчихгүй, дотооддоо наашаа цаашаа болох олон асуудал байна гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.ГАРЬД

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.