“Бодь”-ийн барьсан төмөр замын хэргийг шалгах уу

“Бодь”-ийн барьсан төмөр замын хэргийг шалгах уу

Сүүлийн өдрүүдийн улс төртэй зэрэгцээд, “...Мөрдөх байгууллагууд “Бодь”-ийн барьсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын асуудлаар хэрэг нээж шалгах гэж байна” гэдэг мэдээлэл тарж байна.

Энэ төмөр замын ажилтай холбоотой олон эргэлзээтэй, бүрхэг зүйлүүд байдаг. Сүүл рүүгээ үүнийг ярьдаг, хэлдэг, бичдэг хүмүүс ч цөөрөв.

Уг нь, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон түүний санхүүжилттэй холбоотой 2019 оны хоёр гэрээг Засгийн газар 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд 449 дүгээр тогтоолоороо төрийн нууцаас гаргаж байв. Гэвч, ил болсон гэрээнүүдийн ард ямар хулгай явсныг өнөөдрийг хүртэл хууль хяналтынхан нарийн сайн шалгаж эхлэлгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл, Нээлттэй нийгэм форум, “Санхүүгийн хүртээмж-хөгжил санаачилга” ТББ-ын судалгааны баг л гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүү, үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл, 2017-2021 оны санхүү байдлынх нь тайланд санхүүгийн таамаглал, санхүүгийн харьцааны шинжилгээ болон сценарь анализыг гаргасан.

Тэд “…Гэрээнүүд, ялангуяа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүү болон үйл ажиллагаанд үр ашиг муутай, өндөр зардалтай” хэмээсэн. Илүү тодорхой дүгнэлт өгөхөд мэдээлэл хангалттай ил тод биш байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот гэрээ байна. Үүнтэй 2020 оны зургадугаар сарын 10-нд хийгдсэн түүний нэмэлт өөрчлөлт байгаа юм.

2024 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хүчинтэй энэ гэрээ нь “Бодь интернэшнл” ХХК-ийн нийт санхүүжилт 1.005.630.179 ам.доллар, нэмж 2013 онд өөр компанийн хийж гүйцэтгэж байсан 276.4 сая ам долларын ажлыг оролцуулаад нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй. Уг санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гаргаж, тус санхүүжилтийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаанд хөрвүүлэн тооцохоор, бас эзэмших хувь хэмжээг 66.6 хувиар хязгаарлаж өгчээ. Иймд 66.6 хувиас хэтэрсэн хөрөнгийг “...Зээл” гэж бүртгээд буцаан төлнө гэсэн үг.

Харин “Бодь интернэшнл” ХХК нь “Тавантолгой төмөр зам” ХХК-д Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж өгөхөөр тус гэрээг байгуулжээ. Уг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн гуравласан гэрээтэй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулах ажил нь компанийн хувьд тээвэрлэлтийн зардлыг бууруулах замаар үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтой чухал төсөл юм. Гэвч санхүүжилтийн гэрээтэй холбоотой алдаа, дутагдлуудаас болоод нэлээд ноцтой сөрөг үр дүн гарчээ.

Тухайлбал, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зах зээлийн үнээс өндөр үнээр гүйцэтгүүлсэн. Урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй байх үедээ шилжүүлсэн. Үүнээс гадна “...Үлдсэн төлбөрийг нүүрсээр санхүүжүүлэх бөгөөд хөнгөлөлттэй үнээр борлуулна” гэчихээд “..Гарах бүх ханшийн эрсдэлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцна” гэх зэргээр санхүүжилттэй холбоотой олон төрлийн заалтыг оруулсан. Гэсэн хэдий ч гүйцэтгэх ажил, түүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, ажлын чанар стандарт, түүнийг хэмжих аргачлал, ажил гүйцэтгэх хугацаа зэргийн талаар гэрээнд тодорхой тусгаагүй байна.

Иймээс уг гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд “алдагдсан боломжийн өртөг өндөр” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, тус компани энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “...“Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээн дүгнэсэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.Баяр

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.