Шинэ Зеланд улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзжээ

Шинэ Зеланд улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзжээ
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзжээ.
 
Уулзалтын эхэнд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл эрхэмсэг ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд талархаж байгаагаа илэрхийлээд, 2025 оны 02 дугаар сард УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Шинэ Зеланд Улсад айлчлах үеэр халуун дотно хүлээн авч, парламентын үйл ажиллагааны туршлагаа хуваалцсанд дахин талархал илэрхийлэв.
 
f704980630c74873a48aaeb4be03bcae
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэдэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чухлыг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ хүн амын тоо ойролцоо, парламентын засаглал, сонгуулийн тогтолцооны төсөөтэй талуудыг дурдав. Цаашид хоёр орон ардчилсан засаглалыг бэхжүүлэх, парламентийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
 
УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл парламентын үйл ажиллагааг мэтгэлцээний зарчимд тулгуурлан явуулах, парламентын хяналтын чиг үүргийг шинэ шатанд гаргахад Шинэ Зеланд Улсын парламентын туршлагаас суралцах зүйл их байгааг тэмдэглээд өнгөрсөн 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд АН-ын бүлгийн гишүүд санаачлан Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын асуулгын цагийг бий болгосон, УИХ-ын хяналт шалгалтын үйл ажиллагааг сөрөг хүчнээс удирдах боломжтой болгосон зэрэг ахиц дэвшлүүдийг дурдлаа.
 
Талууд эдгээр хуулиуд нь Монгол Улсад ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, парламентын үйл ажиллагаанд ил тод байдлыг бий болгоход чухал ач холбогдлыг өндрөөр үнэлэв.
360623659bb642779039639abeed38fe
 
Эрхэмсэг ноён Жерард Браунли манай хоёр орны харилцаа хөдөө аж ахуй, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр амжилттай хөгжиж ирснийг дурдаад, ардчилсан тогтолцоог бэхжүүлэх асуудлаар харилцан туршлага судалж ирснийг тодотголоо. Уулзалтын үеэр парламентын сонгуулийн холимог тогтолцооны давуу тал, тулгарч буй сорилт, парламентад суудалтай намуудын онцлогийн талаар ярилцлаа.
 
Уулзалтад УИХ дахь Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Г.Ганбаатар, Б.Жаргалан, Х.Тэмүүжин, Ардчилсан намын ЕНБД Н.Ганибал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны зөвлөх М.Чимэддорж, А.Батпүрэв, П.Амарбаясгалан нар оролцлоо.
b9bbfc8c86824df3be953cc614afe3c3

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.