“Ард кредит” ББСБ-ын мөнгөөр их хэмжээний коин худалдан авсан санхүү эрхэлсэн захирлын хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Ард кредит” банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Д.Лхагва-Очирыг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хэргийг нь шилжүүлжээ.
Тэрбээр албан тушаалаа ашиглан тус ББСБ-ынхаа хөрөнгөөс 1.2 тэрбум төгрөг завшсан хэрэгт холбогдсон аж.
Уг мөнгөөрөө их хэмжээний коин буюу криптовалют худалдан авч, хувиргасан гэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ бүхнийг тогтоож, зарим хөрөнгийг нь битүүмжилсэн бөгөөд Д.Лхагва-Очирыг Эрүүгийн хуулийн 17.3-2.1, 2.2-т заасан их хэмжээний эд хөрөнгө залилсан, 17.4 дүгээр зүйлийн эд хөрөнгө завшсан, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх заалтыг үндэслэн яллагдагчаар тооцоод байсан аж.
Хэрэгт хяналт тавьсан прокурор Д.Лхагва-Очирт дээрх зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр өнгөрсөн долоо хоногт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Д.Лхагва-Очирын хувьд өмнө нь Худалдаа, хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газарт шинжээч, “Ард кредит” ББСБ-д санхүүгийн менежер зэрэг албан тушаал хашиж байгаад санхүү эрхэлсэн захирал болсон нэгэн аж.
Сэтгэгдэл (13)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.