“Туул” рестораныг үгүй болгож, дөрвөн одтой зочид буудал барина гэв үү

Улаанбаатар хотын хөгжлийн, тэр дундаа барилга, архитектурын түүхийг харуулах нэг объект бол хуучны “Туул” ресторан. Дэлхийн II дайны дараах жилүүдэд монгол барилгачид барьж ашиглалтад оруулсан гэдэг. Тодруулбал, Улсын барилга трестийн барилгачид 1946-1948 онд барьсан, “Туул” зоогийн газар нь Улаанбаатар хотын нийтийн хоолны үйлчилгээний зориулалттай анхны барилга аж.
Монгол зах зээлийн нийгэмд шилжиж, улсын өмчийг хувьчилж эхэлсэн 1990-ээд оны дунд үед мэдээлэлд ойр, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс төрийн үнэ цэнтэй объект, үйлдвэрийн газруудад эзэн суусан. Өгүүлэн буй “Туул” рестораныг С.Болдхэтийн үүсгэн байгуулсан “Нарантрейд” ХХК-ийнхан 1997 онд худалдаж авсан юм байна. Түүнээс хойш өнөөг хүртэл нийтийн хоолны үйлчилгээгээ явуулсаар буй билээ. Өмчилж авсан эзэд нь “Туул” рестораныг үгүй болгож, оронд нь олон улсын франчайз зочид буудал барих гэж хөөцөлдөж буй гэнэ. Харин нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн удирдлагаас үүнийг нь үл зөвшөөрч, түүхэн дурсгалт газар гэж үзэн орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргажээ. “Нарантрейд”-ийнхэн харин эсэргүүцэж, шүүхэд хандан эцэслэн шийдвэрлүүлэхээр болоод байна.
Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх энэ долоо хоногт “Туул” рестораныг үгүй болгож, оронд нь олон улсын зочид буудал бариулах боломж олгох уу, эсвэл орон нутгийн хамгаалалтад авах нь зөв үү гэдгийг эцэслэн шийдвэрлэхээр товлоод буй юм.
БАРИЛГЫН АЖЛАА ЭХЛҮҮЛЭЭГҮЙ ХЭМЭЭН АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВРЫГ НЬ ЦУЦАЛЖ БАЙВ
“Туул” рестораны барилгыг эзэмшигч “Нарантрейд” ХХК-ийнханд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2008 оны дөрөвдүгээр сарын 23-нд зочид буудлын барилгын зориулалтаар 0.08 га талбайд архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, газар эзэмшүүлжээ. Гэвч үүнээс хойших хугацаанд “Нарантрейд”-ийнхэн зочид буудлаа ч бариагүй аж. Тиймээс нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга 2023 оны есдүгээр сарын 22-нд тушаал гаргаж, “Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор 2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй” гэх үндэслэлээр 2008 онд олгосон архитектур төлөвлөлтийн даалгавраа цуцалсан байна. “Нарантрейд”-ийнхэн шүүхэд гаргасан тайлбартаа барилга барилгүй удсан шалтгаанаа “Тус барилгын талбайд олон улсын франчайз зочид буудлын төслийг хэрэгжүүлэхээр 2007 оноос судалгаа, уулзалтууд хийж ирсэн бөгөөд компанийн шинэ төсөл болох зочид буудлыг нээх зөвшөөрлийг 2023 оны зургаадугаар сард албан ёсоор авч чадсан. Энэ бүх хугацаанд манай компани зээл авч, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөлтийг хийж ирсэн. Зөвхөн хэлэлцээрийн үе шат нь дангаараа маш их цаг хугацаа орсон удаа дараагийн уулзалтууд, уг төслийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийн талаарх судалгаа хийх зэргээр хөрөнгө мөнгө, хичээл зүтгэл их шаардсан ажил байсан. Эдгээр нөхцөл байдал, хүндрэлүүдийг даван туулж байж сая “Кафе Улаанбаатар франчайз бар-ресторан”-ы дараагийн шатны дээд зэрэглэлийн стандарт шаардлага бүхий зочид буудлын франчайзын салбарын үйлчилгээг нээх зорилготойгоор 2008 оны дөрөвдүгээр сарын 23-нд архитектур төлөвлөлтийн даалгавраа авсан. Архитектур төлөвлөлтийн даалгавар ямар байдлаар нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон зүйл байхгүйгээр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрынхан цуцалсан. Уг цуцлах тушаалдаа “2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй” хэмээн тодотгожээ. Барилга угсралтын ажлаа эхлүүлээгүй нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах үндэслэл болохгүй. Маргаан бүхий актыг хүчингүй болгосноор “Нарантрейд” ХХК нь архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу зөвшөөрөл авч барилгын ажлаа эхлүүлэх боломжтой болох юм” хэмээсэн байв. Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд өгсөн тайлбартаа “Дөрвөн одтой зочид буудал байгуулахаар бүх зүйлээ бэлэн болгосон” гэжээ.
ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН ЖАГСААЛТАД ОРУУЛАХ САНАЛЫГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ХҮРГҮҮЛЖЭЭ
“Туул” рестораны барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулж батлуулах саналыг нийслэлийн Засаг дарга 2021 оны өвөл ИТХ-даа хүргүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, хамгаалалтад авах тогтоолын төсөл, танилцуулгын хамт өргөн мэдүүлснийг нийслэлийн ИТХ 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд хэлэлцэн, уг барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн аж. Энэ талаар Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “Захиргааны ерөнхий хуулийн 81.4-т “Батлагдсанаас хойш таван жилийн дотор төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээгүй бол холбогдох захиргааны байгууллага актыг хүчингүй болгож болно” гэж заасан. Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны есдүгээр сарын 22-ны тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Захиргааны ерөнхий, Барилгын тухай хуулийн холбогдох заалтууд, нийслэлийн Засаг даргын 2023 оны наймдугаар сарын 3-ны захирамж, ерөнхий архитекторын албан даалгаврыг үндэслэн хууль тогтоомжид нийцүүлж гаргасан” хэмээж.
Нийслэлийн ИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Соёлын өвийн тухай хуулийн 26.1 дэх хэсэгт “Соёлын биет бус өвийн үзлэгийг гурван жил тутамд, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг дөрвөн жил тутамд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран зохион байгуулна” гэж заасны дагуу нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллогыг зохион байгуулсан. Уг үзлэг, тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэрт 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд оруулсан байдаг. Улмаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 24.1 дэх хэсэгт “Тухайн шатны Засаг дарга асуудал санаачлан ИТХ-д хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасны дагуу нийслэлийн Засаг дарга дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл, танилцуулгын хамт өргөн мэдүүлснийг ИТХ нь ээлжит хуралдаанаараа хэлэлцэж баталсан. Тогтоолыг батлан гаргахын өмнө Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу өмчлөгч талуудад сонсох ажиллагааг зохион байгуулж, дүүргийн Засаг даргаас 2021 онд албан бичгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг дүүргийн хамгаалалтын зэрэглэлд авах талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, зөвшилцсөн хариуг албан бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн. Гэвч нэгэн ББСБ-аас бусад нь хариу ирүүлээгүй.
Мөн нийслэлийн Соёл, урлагийн газрынхан “Нарантрейд”-ийн өмчилж буй барилга, байгууламж нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтын дагуу дүүргийн хамгаалалтын зэрэглэлд бүртгэх болсонтой холбоотой өмчлөгч байгууллагын зүгээс саналаа албан ёсоор ирүүлэх тухай албан бичгийг 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд хүргүүлсэн” гэсэн тайлбар шүүхэд өгчээ.
ДЭЭД ШҮҮХ ХАЙНЫГ ХАГАЛНА
“Нарантрейд”-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн ИТХ, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэргийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалан энэ оны нэгдүгээр сарын 27-нд хэлэлцсэн байна. Ингэхдээ “Нарантрейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны есдүгээр сарын 22-ны тушаалын хавсралтын тус компанид холбогдох хэсгийг, нийслэлийн ИТХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний тогтоолын хавсралтын 142-т заасан “Туул” зоогийн газрын барилгад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай” гэсэн шийдвэр гаргажээ. Анхан шатны шүүхийн эл шийдвэрийг хариуцагч байгууллагууд үндэслэлгүй гэж үзэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг энэ оны тавдугаар сард шүүгч А.Сарангэрэл, Э.Лхагвасүрэн, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүн хянан хэлэлцсэн аж. Улмаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны есдүгээр сарын 22-ны тушаалаар “Нарантрейд”-д олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсныг буруутгах боломжгүй. Тус компанийн тухайд 2008 онд архитектур төлөвлөлтийн даалгаврыг авснаас хойш барилгын эскиз зураг батлуулан, барилгын ажлын зөвшөөрөл авах зэргээр үйл ажиллагаа явуулахаар холбогдох ажил хэрэгжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй. Энэхүү архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэрийн дагуу уг даалгаврыг хэрэгжүүлэх, бодит нөхцөл байдал үүсэхээргүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгов. Харин түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэхдээ “Нарантрейд”-тэй зөвшилцөөгүй, нийслэлийн ИТХ шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн гэж дүгнэсэн байна.
Тодруулбал, “Нарантрейд” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн ИТХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний тогтоолын хавсралтын 142 дахь “Туул” зоогийн газрын барилгад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон юм. Харин нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны есдүгээр сарын 22-ны тушаалын хавсралтын 543 дахь “Нарантрейд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэжээ.
Үүнээс “Туул” ресторан гэж олноо нэрлэгдэж ирсэн хоёр давхар барилга түүх, соёлын үл хөдлөх дурсгал мөн үү, биш үү гэсэн маргаан иргэдийн дунд үүсэж магадгүй. Уг нь Соёлын өвийн үндэсний төвийнхөн тус барилгыг дүүргийн бус, нийслэлийн хамгаалалтад авах ёстой гэж үздэг юм билээ. Соёлын өвийн үндэсний төв “Туул” зоогийн газрын барилгыг Монгол Улсын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлд бүртгэсэн. Түүний бүрдэл, хадгалалт, хамгаалалтын байдал, тодорхойлолт, товч түүх, нэмэлт мэдээлэл, түүхэн товчоон, архитектурын судалгаа, барилгын бүтээц, үнэлгээ, шалгуур болон одоогийн хамгаалалтын зэрэглэл нь дүүргийн хамгаалалтад байгаа бөгөөд зэрэглэл ахиулан нийслэлийн хамгаалалтад авах тухай дүгнэлт гаргаснаа шүүхэд хүргүүлсэн аж. Нэгэнт соёлын өв гэж бүртгэсэн учраас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22.6-д “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангаас мэдээлэл хасахыг хориглоно” гэж заасныг баримтлан хасаж болохгүй нь ойлгомжтой. Тэгэхээр “Туул” рестораныг түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хуулийн дагуу “Нарантрейд”-тэй нийслэлийн ИТХ зөвшилцөлд хүрэхээс өөр гарцгүй. Гэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн хайныг Дээд шүүх пүрэв гарагт товлосон хурлаараа хагалж, нэг талд нь гаргах биз ээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.