Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2025.08.31) хүрэлцэн иржээ.
Төлөөлөгчдийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Улсын Их Хурал дахь Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс угтав.
Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцоно.
Энэхүү айлчлал Шинэ Зеланд Улсын Парламентын даргын түвшинд Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал юм. Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 50 жилийн ой тохиож байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.