🔴LIVE: Ж.Баярмаа: Би ялалтын төлөө Ардчилсан намын даргад өрсөлдөж байна
Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хуралдаан өнөөдөр болж байна. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ардчилсан намын даргад нэр дэвшихээ мэдэгдээд байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Аль нь хамгийн чухал вэ гэдгээр нь бид асуудлыг харах нь зүйтэй. Улс төрийн намууд дотор асуудал ямар байна вэ гэдгийг мөн маш сайн оношлох хэрэгтэй. Ардчилсан намын тухайд сүүлийн гурван сонгуульд дараалан ялагдал хүлээсэн. Тиймээс ч намын дарга Л.Гантөмөр ажлаа өгөхөө илэрхийлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл багагүй хугацаа өнгөрсөн. Гэтэл өнөөдөр Ардчилсан нам удирдлагатай байна уу? гэдгийг бид дүгнэх хэрэгтэй.Өмнөх дарга нь ажлаа өгнө гэдгээ мэдэгдчихсэн байхад бид нэн яаралтай Ардчилсан намын удирдлагыг сонгох ажлыг эхлэх ёстой.
Яагаад гэвэл үүний цаана ард түмний амьдрал, улс орны хөгжил бий. Бид нэгэнт сөрөг хүчин болсон бол сөрөг хүчнийхээ ажлыг жинтэй, чадамжтай хийж байж эрх баригч намын үйл ажиллагааг шүүмжилнэ. Тиймээс хамгийн түрүүнд тулгамдсан асуудал буюу удирдлагынхаа асуудлыг эхлээд шийдэх ёстой. Ингэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа дүрэм, журмаа баримтална. Бид огт дүрэм, журамгүй нам биш шүү дээ.
Монгол Улсад шийдвэрлэх ёстой асуудлууд олон бий. Ард түмний амьдрал сайжрахгүй байна. Түгжрэл, утаа буурахгүй байна. Улстөрчдийн өнөөгийн байдал ямар байна вэ? гээд харахаар өөрсдөө авлигад идэгдчихсэн байна шүү дээ. Энэ улстөрчид нам дотор бойждог. Үүнээс харахад бүх асуудал улс төрийн намд байна. Улс төрийн нам өөрөө нам шиг нам байж чадахгүй байна. Тэгэхээр дотоод ардчилалтай, шударга, ёс суртахуунтай намын үзэл баримтлалынхаа дагуу ажилладаг, манлайлал үзүүлдэг улстөрч энэ намыг авч явах ёстой. Миний хувьд эдгээр зарчмуудад нийцэж байгаа учраас намын даргад нэр дэвшсэн.
Би ялалтын төлөө өрсөлдөж байна. Өнөөдөр Монгол Улсад болохгүй байгаа зүйлс нь болж байгаа зүйлээсээ давсан. Ядуурал, ажилгүйдэл буурахгүй, эдийн засаг доройтсоор, шударга ёс, авилга арилахгүй хэвээр байна. Эдгээрийг шийдвэрлэх гол тоглогч бол улс төрийн нам. Сонгогчид намуудад итгэл хүлээлгэн эрх мэдэл өгч, нам засгийн газрыг байгуулан бодлого хэрэгжүүлдэг. Гэтэл өнөөдрийн бодит байдал бол намуудын дотоод ялзрал, авилга, мөнгөний сүлжээтэй холбоотой.
Хэрэв би намын даргаар сонгогдвол дээр дурдсан асуудлуудыг шийдэхийн төлөө ажиллана. Улс төрийн намын гол зорилго бол сонгуульд ялах бөгөөд ялалтын дараа өөрийн үзэл баримтлалаа төрийн бодлого болгон хэрэгжүүлэх явдал. Нам дотор шинэчлэл хийж, төрийн бодлогод бодит нөлөө үзүүлэхийн тулд би нэр дэвшиж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.