🔴LIVE: Л.Мөнхбаясгалан: Би ардчилсан намын жирийн гишүүдээс мандат авсан хүчирхэг намын дарга баймаар байна
Ардчилсан намын ҮБХ-ны хурал үргэлжилж байна. "Намын удирдах албан тушаалыг зардаг, нөгөө намтайгаа хуйвалддаг, гадныханд найр тавьдаг байдлыг болиулахын тулд би нэрээ дэвшүүлсэн. Миний эсрэг маш их мөнгөтэй хүмүүс ажиллаж байна. Гэхдээ би нугарахгүй" гэж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хэлж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Миний хувьд Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр тав хоногийн өмнө нэрээ дэвшүүлсэн. Өнгөрсөн тав хоногт Монгол Улсад над шиг муу, муухай хүн байсангүй. Зохион байгуулалттай, асар их мөнгө цутгалаа. Иймхэн зүйлд нугарна гэж байхгүй. Хүний олон хүнээ барьдаггүй юм. Хайрцаглагдсан ҮБХ-оор намын даргаа сонгоно гэж байна. Үүнийг жирийн гишүүд минь хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ бол дахиад л дүрмээ зөрчих гэж байгаа үйлдэл. Дээд шүүх дээр бүртгүүлэхгүй асуудал үүсэхээр байна. ҮБХ-ны хугацаа 2022 онд дууссан. Одоо манай намд 160 орчим сум, 15 аймаг, 8 дүүрэг даргагүй байгаа. Сонгуулиа хийж чадахгүй байгаа. ҮБХ-г хэдхэн хүн худалдаж аваад хайрцаглачихсан шүү дээ. Одоо намын дарга сонгож байгаа гэдэг жүжиг хийж байна. Намын удирдах албан тушаалыг зардаг, нөгөө намтайгаа хуйвалддаг, гадныханд найр тавьдаг байдлыг болиулахын тулд би нэрээ дэвшүүлсэн юм. Би ардчилсан намын жирийн гишүүдээс мандат авсан хүчирхэг намын дарга баймаар байна. Би ийм хайрцаглагдсан тоглоомонд орохгүй. Хэдэн хүний тоглоомоор намын даргаа сонгомооргүй байна. Орж үгээ хэлж, намын гишүүдээ уриална гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.