Бүсгүйчүүдийг Малайзад бэлгийн мөлжлөгт оруулсан гэх иргэнийг шилжүүлэн авав

Эрүүгийн хэрэгт шалгуулж байхдаа хилээр гарч зугтан гадаадад бүгж байсан иргэнийг цагдаагийнхан олон улсад эрэн сурвалжилж, Интерполтой хамтран ажилласнаар байгаа газрыг нь тогтоон шилжүүлэн авлаа.
Х.Нандин-Эрдэнэ гэх хүн 2020 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд нэр бүхий долоон эмэгтэйг Малайз улс руу дагуулж явахдаа онгоцны тасалбарын үнийг төлж, хувцас эд зүйл авч өгөн эрхшээлдээ оруулан бусадтай бэлгийн харьцаанд оруулсан хэрэгт холбогдсон гэнэ.
Ингэж хохирсон иргэдийн гомдлын дагуу 2023 онд цагдаагийн байгууллага шалгаж, прокуророос Эрүүгийн хуулийн 12.3-2.5 дахь хэсгийн “Эд хөрөнгө, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан ашиг олох зорилгоор хоёр, түүнээс олон хүний биеийг үнэлүүлж мөлжлөгт оруулсан” гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татсан аж. Гэтэл Х.Нандин-Эрдэнэ 2023 оны намар баруун хилээр гарч зугтсан байна.
Цагдаагийнхан Интерполын улаан буланд түүний мэдээллийг байршуулж, олон улсад эрэн сурвалжлахад Казахстан улсад байгаа нь тогтоогдсон бөгөөд тус улсын хууль сахиулах байгууллагынхан түүнийг саатуулж, энэ сарын 24-нд манай улсад шилжүүлэн өгчээ. Улмаар Х.Нандин-Эрдэнийг шүүгчийн захирамжийн дагуу цагдан хорьж шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.