П.Сайнзориг: 17235 сурагч, 4870 хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явах боломжгүй болсонд боловсролын яам хариуцлага хүлээх хэрэгтэй

"Шинээр баригдсан 17 сургууль, 20 цэцэрлэгийн барилга нь ашиглалтад орсон ч сандал, ширээ, тоног төхөөрөмжгүйн улмаас хичээлийн шинэ жил эхлэх өдөр 17235 сурагч, 4870 хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явах боломжгүй болжээ. Боловсролын яам хариуцлага хүлээх хэрэгтэй" гэж УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэлж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-2025-2026 оны хичээлийн жилд нийслэл Улаанбаатар хотод 668 цэцэрлэг буюу төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 цэцэрлэгт 16053 багш, ажилтан ажиллах бөгөөд 2-5 насны 125685 хүүхэд цэцэрлэгт хамрагдана. Харин 326 ерөнхий боловсролын сургууль буюу төрийн өмчийн 171, төрийн бус 155 сургуульд 25100 багш ажилтан ажиллах бөгөөд 412273 сурагч суралцана. Шинээр сургууль, цэцэрлэг олноор баригдсан байна. Шинээр баригдсан 17 сургууль, 20 цэцэрлэгийн барилга нь ашиглалтад орсон ч сандал, ширээ, тоног төхөөрөмжгүйн улмаас 9 дүгээр сарын 01-ний өдөр 17235 сурагч, 4870 хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явах боломжгүй болжээ .
Тодруулбал, СХД-ийн Баянхошууны 341 дүгээр тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ашиглалтад орсон боловч өнөөдрийг хүртэл шаардлагатай тоног төхөөрөмж нь хангагдаагүйн улмаас хүүхдүүдээ авч чадаагүй байна. Багш нар ажлаасаа гараад эхэлжээ. Хэн хариуцлага хүлээх бэ? 2025 оны Улсын төсөвт Боловсролын сайдын багцад 32.4 тэрбум төгрөгийг төсөвт тусгуулсан бөгөөд 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдан авалтаа зохион байгуулж чадаагүй үндэслэлээр 11 орчим тэрбум төгрөгийг татуулснаас ийм нөхцөл байдал үүсжээ.
Бас бусдаас буруугаа хайх маягтай. Хохирч буй, ялгаварлан гадуурхагдаж буй сурагч, хүүхэд, эцэг эхчүүдээс хэн уучлал гуйх бэ? Улсын төсөв дээр суулгаад өгсөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж чадаагүй татуулсан байдалд хэн хариуцлага хүлээх бэ? Ер нь тухайн жилийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх худалдан авалтыг тухайн жилийн 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэрэгжүүлэхгүй бол төсвийг татаж авдаг хуулийн зохицуулалтыг эргэж харах ёстой. Боловсролын салбар, хүүхдийн ирээдүйгээс хулгайлж, Хэмнэлтийн хууль үйлчилдэг байж болохгүй шүү.
Ер нь сургууль, цэцэрлэгийн зориулалттай 138 барилга Нийслэл УБ хотод баригдаж байна. Сүүлийн нэг жилийн дотор 18 барилгыг ашиглалтад оруулснаас гадна Нийслэлийн төсвөөр “түрээслээд худалдан авах” нөхцөлөөр 6 цэцэрлэгийг шилжүүлэн авчээ. Их засварын ажилд өмнөх жилүүдэд 5-7 тэрбум төгрөг баталж хэрэгжүүлж ирсэн бол энэ жил 27,7 тэрбум төгрөгийг Нийслэлээс баталж, нийслэлийн 177 сургууль, цэцэрлэгийн объект дээр их засварын ажлыг тухайн дүүргүүд нь хариуцан хэрэгжүүлж байна.
Нийслэл сургууль, цэцэрлэгийн урсгал зардалд 108 тэрбум, сургууль, цэцэрлэг барих 22 байршилд газар чөлөөлтөд 70 тэрбум, сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд 198 тэрбум, сургууль, цэцэрлэгийн их засварт 20 тэрбум, сургуулийн уурын зуух болон нэмэлт шугам, сүлжээний засварт ЗД-ын нөөцөөс 6.2 тэрбум, нийт 402 тэрбумыг нийслэлийн төсвөөс гарган шийдвэрлээд байгаа юм байна.
Харин боловсролын яам ажлаа хийх хэрэгтэй байна, хариуцлага хүлээх хэрэгтэй. Сангийн яам болохгүй байгаа хуулиа өөрчлөх төслөө өргөн баримаар байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.