Мансуурсан үедээ хамтран амьдрагчаа хэрцгийгээр гэмтээсэн Ч.Жавхлантын зүйлчлэлийг шүүх хөнгөрүүлэв

Мансууруулах бодис хэрэглэж, бусдын амийг хөнөөхийг завдсан хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Жавхлантад холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцээд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр тав хоног завсарлажээ.
Ингэснээр ял шийтгэл оноох хурлыг ирэх долоо хоногт хийхээр болов. Олон нийтийн сүлжээнд хохирогч Г.Э хэмээх бүсгүй 2024 оны аравдугаар сарын сүүлчээр “2023 онд Жавхлант гэх залуутай танилцаж хайр сэтгэлийн холбоотой болсон. Магадгүй зөвхөн би л тэгж бодсон байх. 2024 оны аравдугаар сарын 27-ны 10.00 цагаас эхлэн 28-ны шөнийн 01.00 цаг өнгөртөл 12-13 цаг онц хэрцгийгээр яргалуулж, хүчиндүүлсэн. Миний нүдийг боож, онц хэрцгийгээр зодож, мэс ч ашигласан. Энэ үйлдлээ хийж байхдаа миний зургийг найзууд руугаа явуулсан. Үүний дараагаар хоёр найз нь шөнө ирээд явахаасаа өмнө нэг нь орж ирж харчхаад гарсан. Тэд цагдаа дуудаагүй” хэмээн бичиж байсан билээ.
НПГ-аас Ч.Жавхлантад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1, тусгай ангийн 10.1-2.1, 10.1-2.8-д заасан хүний амийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнөөхийг завдсан, 12.2-1-ийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 13.5-1 дэх хэсгийн бусдыг заналхийлж сүрдүүлсэн, 20.7-1-ийн мансууруулах бодис олж авч хэрэглэсэн гэсэн заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренчинхорол, Д.Мөнхтуяа, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүн уг хэргийг хянан хэлэлцээд хүний амийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнөөхийг завдсан гэх зүйлчлэлийг хөнгөрүүлэн 11.6-2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсон байна. Мөн 12.1-2.1, 13.5-1, 20.7-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Мансууруулах бодис хэрэглээд гэр бүлийнхэн, хамтран амьдрагчдаа харгис хэрцгий хандаж буй тохиолдол манай улсад үе үе гарах боллоо. Үүнээс өмнө хар тамхи хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчаа хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь нохойдоо өгсөн гэх Д.Бадралд холбогдох хэргийг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэж, бүх насаар нь хорих ял шийтгэж байсан билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.