Япон улсад адууны махны экспортыг нэмэгдүүлэх талаар санал солилцжээ

Япон улсад адууны махны экспортыг нэмэгдүүлэх талаар санал солилцжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны (ХХААХҮЯ) Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Салбарын хяналтын газрын дарга Б.Батшагай нар Монгол Улсаас Япон Улсад суух Элчин сайд Б.Баярсайхан, Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулийн зөвлөх профессор, доктор Ш.Кавашима нартай /2025.08.26/ ажил хэргийн уулзалт хийжээ.

Уулзалтаар талууд Монгол Улсаас адууны махны экспортыг нэмэгдүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, малын эрүүл ахуй, хорио цээрийн нөхцөл, төхөөрөх үйлдвэрийн стандарт, шаардлага, эрх зүйн орчны онцлог зэрэг чухал асуудлуудын талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улсаас Япон улсад адууны махны экспортыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцоог уялдуулан зохицуулах шаардлагатай гэдгийг онцолжээ.

Японы талаас мэргэжлийн экспертүүдийг Монголын мах боловсруулах үйлдвэрүүдэд ажиллуулах, экспортын бараа бүтээгдэхүүнд тавигдах эрүүл ахуй, чанарын шаардлагыг хангах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагааны механизм бүрдүүлэх талаар ярилцлаа. Адууны махны экспортыг өргөжүүлэх нь зөвхөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд төдийгүй, Монголын мал аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд тэмдэглэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.