Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүдийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзжээ. 

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны 07 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадам амжилттай болсон талаар мэдээлэл авснаа хэлж, тус үйл ажиллагааны зохион байгуулалтад оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлэв.

Үндэсний өв, соёлын дархлаа болох баяр наадмыг хилийн чанадад Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулсанд тус байгууллагын төлөөлөл чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэхүү үйл ажиллагаа нь хилийн чанадад амьдарч буй монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх, төр, иргэний харилцааг ойртуулах, улмаар эх орноо сурталчлан таниулахад чухал үйл ажиллагаа болсон гэдгийг тэмдэглэж байв.

Европ тивд 100 мянга гаруй монголчууд амьдарч байгаа бөгөөд тус тивд зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадмыг гадаадын 15 орчим мянган иргэн үзэж сонирхсон хэмээн уулзалтад оролцогчид танилцуулав.

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын төлөөлөл 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, Ерөнхийлөгчийн ивээл дор хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулах, хилийн чанад дахь монгол сургуулиудад нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн монголчуудын наадмыг дөрвөн тивд ээлжлэн зохион байгуулах зэрэг тодорхой асуудлуудаар санал, хүсэлт тавьж байсан нь өнөөдөр бүгд амжилттай хэрэгжиж байгаа талаар тэргүүн С.Цэрэндэмбэрэл товч танилцуулж, хилийн чанад дахь монголчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлжээ. 

Мөн уулзалтын үеэр хилийн чанад дахь 300 мянган монгол иргэний эрх ашгийг хамгаалах, эх орондоо эргэн суурьших, хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын гадаад худалдааг өргөжүүлэхэд хилийн чанад дахь монгол иргэдийн нөөц, боломжийг ашиглах, хилийн чанадад өсөж, хүмүүжиж буй монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн чанадад амьдарч буй монгол иргэдэд халуун мэндчилгээг нь уламжлахыг хүсээд, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

НАХИА 6 цаг өмнө
Эх орондоо баялаг бүтээж буй иргэдээ дэмжихгүй. Төр харьд буй иргэдээ дэмжих үү. Дэмжинэ гэдэг үгээр мөн ч олон жил хуурч бна даа.