УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн О.Алтангэрэл, Ш.Бямбасүрэн, Ч.Лодойсамбуу нар мэдээлэл хийв. Тэд Ардчилсан нам эхлээд шинэ хуульд нийцсэн дүрмээ баталж, дараа нь даргаа сонгох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Хууль ёсны сонгууль явбал Ардчилсан намын даргад өрсөлдөхөд бэлэн байгаа гэж хэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Шинэ үеийн залуус бид намд элсэж, улс төрд орохдоо хэдхэн хүний тохиролцоо, зурсан зурган дундуур асуудлыг ярилцаад шийддэг байдлыг өөрчилье л гэсэн. Өнгөрсөн хугацаанд намын тамга тэмдэг, гэрчилгээний асуудал гээд олон асуудал гарсан. Яарах шаардлагагүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан. Мордохын хазгай болчихгүй байх хэрэгтэй.
Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдгээ зарласан цөөн хэдэн хүмүүс байна. Эдгээр нэр дэвшигчид ч намын гишүүдтэйгээ уулзаж, бодол санааг нь сонсох хугацаа өгөхийг хүсэж байгаа.
Эхлээд намын үндсэн дүрмээ шинэчилж, хуульдаа нийцүүлж баталсны дараа намын даргын сонгуулиа явуулбал сайн байна гэдэг байр суурьтай байгаа. Намын даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байгаа. Хүн бүрийн цээжинд энэ намыг ийм болгочих юм сан гэдэг хүсэл байгаа. Намын үндсэн дүрмийн хэлэлцүүлэг орон даяар явсан. Гэхдээ үр дүн нь хэрхэн байсныг янз бүрийн дүгнэлт өгөх байх.
Манай намын хүчин төгөлдөр дүрмээр намын дотоод сонгуульд нэр дэвшигч нь тухайн намд зургаан сарын өмнө намд элссэн байна гэж заасан байгаа. Намын даргыг сонгох журам байгаа. Энэ журмаар нэр дэвшигчид босго тавьж байгаа хэн үүнийг давж байгаа, давахгүй байгаа гэдэг асуудал сүүлийн өдрүүдэд нэлээдгүй явж байна. Ийм журам байгаа. Гэхдээ энэ журмаар явах юм бол одоо батлагдсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн гээд бүртгэгддэггүй даргынхаа зовлон руу дахиад орно гэдгийг намын гишүүддээ хэлье. Миний хувьд хууль ёсны сонгууль явбал намын даргад өрсөлдөнө гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.