“Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-ийнхан тушаасан 6.9 тэрбумын татвараа төрөөс буцааж авах ёстой юу

Эзэн Чингис хаан “Төр оршихуй дор татвар буй. Татвар буй дор төр оршмуй” хэмээжээ. Энэ үгийг өнөө цагийн татварын байгууллага уриа болгон ашигласаар ирсэн. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд ч “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүргийг ёсчлон биелүүлэх учиртай” хэмээн заасан. Гэвч элдэв аргаар татвараас зайлсхийх явдал гарсаар л байна. Хууль ёсоор төлөх учиртай татвараа төлөлгүй байсаар эцэстээ сонгуульд санал авахын тулд аж ахуйн нэгжүүдэд ашигтай хууль УИХ-аас нь баталж, өршөөдөг тохиолдол ч манайд бий. Тэр хуулийнх нь үйлчлэлд хамрагдан ялгүй салахаа мэдсэн нэгэн бүсгүй шүүх танхимд шударгын дүрд тоглон чанга дуугарч байсныг учир мэдэх хүмүүс гадарлаж буй нь лавтай.
Татварын байгууллага, эдийн засгийн цагдаагийнхан хуулиа биелүүлэхгүй байгаа аж ахуйн нэгжийнхнээс улсад төлөх ёстой мөнгийг нь авах гэж элдэв аргаар үздэг юм. Хуурамч акц ашиглан татвараас зайлсхийж, төрийг хохироосон хүмүүст холбогдох хэргийн хурлуудыг дүүргийн шүүхүүдэд цөөнгүйг товлон хэлэлцэж, хуулийн хариуцлага хүлээлгэсээр байна. Гэтэл Монголдоо л томд тооцогдох, дэлхийд данстай сүлжээ зочид буудлынхан улсад төлсөн татвараа нэхэмжилсэн тохиолдол байх юм.
ТӨЛСӨН ТАТВАРАА НЭХЭМЖИЛСЭН ШАЛТГААН ЮУ БАЙВ
Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн буюу паркийн хойд талд “Шангрила” хэмээх зочид буудал, худалдаа, үйлчилгээний төв сүндэрлээд нэлээд олон жилийг үдэж байна. Улсын бүртгэлийн байгууллага дахь албан ёсны нэр нь “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК.
Зочид буудал, гадаад худалдаа, өөрийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэх, худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (бүртгэлд албан ёсоор Вант Улс гэж бичжээ)-ын “Интенс повер лимитед” гэх компани хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь Сингапурын иргэн Кристофер Понг Сию Сан (Phong Siew San) ажилладаг бөгөөд эцсийн өмчлөгч нь “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал аж.
Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-ийг тус дүүргийн Татварын хэлтсийнхэн их хэмжээний татвар төлөх ёстой гэж үзсэн байна. Тодруулбал, “Шангрила” зочид буудлын зарим өрөө нь орон сууц байдаг. Түүнийгээ худалддаг, заримыг нь түрээсэлдэг аж. Түүнд нь амьдардаг манай шинэ цагийн чинээлэг айл цөөнгүй тухай бичсэн нь цахим мэдээллийн хэрэгслүүдэд бий. Тэгвэл тус компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар орон сууцын зориулалттай 185 үл хөдлөх хөрөнгө “Шангрила” зочид буудалд бий гэнэ. Уг нэхэмжлэлд “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцын зориулалттай нийт 185 үл хөдлөх эд хөрөнгөд 2016-2020 онд хууль бусаар ногдуулсны улмаас үндэслэлгүй хураасан зургаан тэрбум есөн зуун арван сая гурван зуун жаран есөн мянга найман зуун дөчин хоёр төгрөг тавин зургаан мөнгө (6 910 369 842.56)-ний татварыг дараа оны албан татварын төлөлтөд шилжүүлэн тооцуулахыг хариуцагч буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст даалгахыг шаардсан байна. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгүүд нь татвараас чөлөөлөгдөнө гэдгийг тогтоолгохыг хүсжээ.
Тус Татварын хэлтсийнхэн “Шангрила” зочид буудлыг ашиглалтад орсон 2016 оны есдүгээр сарын 12-ноос эхлэн үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулах нэхэмжлэл үүсгэсэн гэнэ. Үүний дагуу 2016 онд 492.4 сая, 2017-2020 онд жил бүр 1.6 тэрбум төгрөгийн албан татварын нэхэмжлэл үүсгэжээ. Уг нэхэмжлэлийнх нь дагуу “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК нийт 6.9 тэрбумын татвар улсад төлсөн гэсэн үг. Уг мөнгийг үндэслэлгүй хураасан гэж үзсэн дээрх аж ахуйн нэгжийнхэн Татварын ерөнхий газарт албан бичиг хүргүүлэхэд хариуд нь “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын үзэл баримтлалын дагуу танай компани санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийн элэгдэл, хорогдол, засвар үйлчилгээ, ашиглалтын зардлыг албан татвар ногдуулах орлогоос хасаж, компани орлого олох зорилгоор ашиглаж байгаа байрыг үл хөдлөх эд хөрөнгийн орлогын албан татвараас чөлөөлөхгүй” гэсэн хариу өгчээ. Үүнийг нь үндэслэлгүй гэж үзсэн “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-ийнхан 2022 оны нэгдүгээр сард шүүхэд дээр эш татсан нэхэмжлэлийг гаргасан юм байна. Улмаар “Тухайн 185 үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцын буюу хүн амьдран суух зориулалтаар ашигладаг бөгөөд эдгээрийг бусдад хөлслүүлэн, үйл ажиллагааны орлогоор тайлагнан, орлогын албан татварыг хуулийн дагуу ногдуулан төлдөг. Харин дээрх төлсөн татвар нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу татвараас чөлөөлөгдөх зориулалттай боловч тус татварын газар болон харьяа дүүргийн татварын албанаас хуулийн дээрх зохицуулалтыг илт буруу, өргөжүүлэн тайлбарлан хэрэглэж, чөлөөлөлтөд хамруулахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Бид орон сууцын менежментийг авч явдаг бөгөөд менежментийн төлбөр буюу “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны төлбөрийг орон сууц хөлслөх хөлснөөсөө тусад нь салгаж, хөлслөгчөөсөө авдаг. Учир нь бид менежментийн төлбөр буюу “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татвараа төлдөг. Иймд хоёр салгаж авч, санхүү тайландаа хоёр тусад нь бүртгэж авдаг. Бид энэхүү орон сууцыг өмчилдөг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээрээ орон сууцын зориулалттай гэдэг нь батлагддаг. Эдгээр орон сууцад бид “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулдаг. Зочид буудлын тухайд тусдаа үйл ажиллагаа, гэрчилгээтэй, хүн богино хугацаанд амьдрах зориулалттай, харин орон сууц нь хүн удаан хугацаагаар амьдрах зориулалттай гэдгийг ялгаж ойлгох нь зүйтэй” хэмээжээ.
Уг нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.2-т “иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, сум, нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот дахь орон сууц, нийслэл, нийслэлийн харьяа хот дахь хоёр орон сууцыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан билээ.
ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ОРОН СУУЦ БИШ ГЭЖ ШҮҮХ ДҮГНЭЖЭЭ
Уг нэхэмжлэлийг нь татварын байгууллагынхан үндэслэлгүй гэж үзэн шүүхэд өгсөн хариу тайлбартаа “Татварын ерөнхий хуулийн 6.1.20-д “Татвар төлөгч” гэж хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг”, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараах этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна”, 4.1.1 “өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар” гэж тус тус заасан. “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-ийн хувьд нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгүүд нь худалдан борлуулж, ашиг олох зорилгоор өмчилж байгаа үндсэн хөрөнгө нь юм. Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан түрээсийн гэрээнүүдээс үзэхэд тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг ашиг олох зорилгоор ашиглаж байгаа. Аж ахуйн нэгж нь үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдол, засвар үйлчилгээ, ашиглалтын зардлыг татвар ногдох орлогоос хасаж тайлагнадаг бөгөөд энэ тохиолдолд орлого олох зорилгоор ашиглаж байгаа тул татвараас чөлөөлөгдөхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн үзэл баримтлал мөн дээрх утгыг агуулсан буюу ард иргэдээ орон сууцжуулж, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болох нөхцөл бололцоогоор хангах, амьдран суух зориулалттай орон сууцыг татвараас чөлөөлөх, өмчлөгчийн амьдран сууж байгаа орон сууцын барилгад татвар ногдуулахгүй байх агуулгатай. Тухайн 185 орон сууцыг хүн амьдрах зориулалтаар ашигладаг хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хуулийн этгээдийн өмчилж буй байрыг хуулийн этгээд өөрөө амьдран суух зориулалтаар ашиглах боломжгүй” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцын зориулалттай, 185 үл хөдлөх эд хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх орон сууц хэмээн үзэх боломжгүй. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-ийн өмчлөлийн дээр дурдсан орон сууцын зориулалт бүхий 185 үл хөдлөх эд хөрөнгөд 2016-2020 оны хооронд албан татвар ногдуулан, хураасан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн үйлдэл нь Татварын ерөнхий хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль тогтоомжид нийцсэн захиргааны үйл ажиллагаа хэмээн дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-ийнхны гомдлын дагуу 2022 оны аравдугаар сарын 13-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн бол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч нар ч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж дүгнэсэн юм.
ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХЯНУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО
“Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох уг захиргааны хэргийг гурван шатны шүүх 2022 онд эцэслэн дээрх байдлаар шийдвэрлээд байв. Өөрөөр хэлбэл, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны зургаадугаар сарын 20-нд 482 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны аравдугаар сарын 13-нд 221/МА2022/0662 дугаартай магадлал гаргасан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нд 83 дугаар тогтоолоороо тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон билээ. Гэвч “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмардорж, Э.Уянга, Э.Гэрэл нар дахиад шүүхэд хүсэлт хүргүүлсэн байна. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар гаргасан уг хүсэлтийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн энэ оны нэгдүгээр сарын 28-нд хэлэлцээд түүнийг нь хүлээн авахаас татгалзжээ. Ингэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131.1.1-д заасан “Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрсэн” гэж үзэхгүй гэж дүгнээд хүсэлтийг хангахаас татгалзсан аж.
Ингэснээр “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-ийн эзэмшлийн 185 орон сууцын үл хөдлөх хөрөнгийн татвар болох 6.9 тэрбум төгрөгийг улс хураан авсан нь хуульд нийцсэн үйлдэл болж таарав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.