Багануурын станцыг дулаан, цахилгаан хосолсон байдлаар дахин барих шаардлагатай

Багануурын станцыг дулаан, цахилгаан хосолсон байдлаар дахин барих шаардлагатай

Багануур дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл ажил 73.6 хувьтай байна. Тодруулбал, инженерийн шугам сүлжээний 10 ажил 77.5 хувийн гүйцэтгэлтэй, авто замын 5 ажил 85.2 хувь, тохижилтын чиглэлээр 4 ажил 78.7 хувь, барилгын чиглэлээр 16 ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байна.

 Багануур дүүргийн Дулааны станцын өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллажээ.

Багануур дүүргийн дулааны станцын үндсэн тоноглол болох дөрвөн зуух хуучирсан, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Санхүү, хөрөнгийн байдлаас шалтгаалж их засвар 10 орчим хувьтай хийгддэг аж.

Энэ талаар “Багануурын дулааны станц” ТӨХК-ийн ерөнхий инженер А.Лхамсүрэн “Анх 1980 онд Багануурын уурхайг халаах зориулалтаар баригдаж 45 дахь жилдээ ажиллаж байгаа станц. Нийт 9 зуухтай. Хуучин Зөвлөлтийн технологиор хийгдсэн. Үндсэн тоноглол ажиллах хугацаа дууссан. Технологи хэт хуучирсан. Сүүлийн жилүүдэд өвөлжилтийн бэлтгэл хангахад хүндрэл үүсдэг болсон. Ирэх өвөл 12 тэрбум төгрөгийн 170-220 нэр төрлийн ажил техникийн шаардлагаар хийхээр төлөвлөсөн боловч энэ хэмжээний засвар хийж чадахгүй. Тиймээс 1.2 тэрбум төгрөгийн 40 ажил хийхээр санхүү шийдэгдэж, есдүгээр сарын 15-нд сүүлийн ажил дуусна. Техникийн шаардлагаар хийх хэрэгтэй байгаа нийт ажлын зөвхөн 10 хувь нь хийгдэж байгаа гэж ойлгож болно. Тиймээс станцын найдвартай байдлыг хангаж, аваар гарахаас сэргийлж ажиллах нь чухал байна. Станц алдагдалтай ажиллаж ирсэн. Тиймээс хөрөнгө оруулалтын ажлууд төлөвлөхөд хэцүү байдаг. Мөн тарифын асуудлыг хойшлуулдаг. Станцын хувьд эдийн засаг, санхүүгийн асуудал хамгийн их тулгамддаг. Энэ тал дээр анхаарч өгөөч” гэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Багануурын станц техник, технологийн бэлэн байдлынхаа зөвхөн 10 хувийг хангаж байгаа бөгөөд станцыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байна. Дулааны станц өвлийн цагт ажиллаж, зун хэрэглээний халуун усанд л дулаан өгдөг учраас алдагдалтай байна. Тиймээс дулаан, цахилгаан хосолсон буюу хаягдал турбины усыг халаалтад ашигладаг байдлаар явах нь зүйтэй. Улаанбаатар хотод ТЭЦ-5, хог хаягдал шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Тиймээс 2026 онд төр, хувийн хэвшлийн түншлэлэээр Багануурын станцыг дулаан, цахилгаан хосолсон байдлаар шийдэх тухайд холбогдох яам, агентлагуудтай уулзаж, шийдвэрлэх талаас нь ажиллана. Суурь дэд бүтцийн салбаруудын тарифын шинэчлэлийг хийх хэрэгтэй байгааг эндээс харж болно” гэлээ.

     НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.