Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж байна.
Энэ үеэр Багануур дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа ажлуудтай танилцаж, асуудлыг хэлэлцжээ.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Эрүүл мэндийн төвийн их засварын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн төвийн агааржуулалт болон сангийн ажил бүрэн дууссан. Цонхны ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд нийслэлийн төсвийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэж буй талаар “Цахирт-Ану” ХХК-ийн захирал С.Батдорж хэллээ. Мөн “Гүн галуутай” сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны халаалтын системийг шинэчлэх ажил хийгдэж дууссан, комисс ажиллуулах хүсэлт өгсөн байна.
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Г.Батбаатар “Манай эмнэлэг 1988 онд ашиглалтад орсон. Үндсэн 5 блоктой барилгыг үе шаттай засварлах, шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа. 314 ажилтантай. Жилд 9000 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг. Ойрын 5-6 сумын иргэдийг мөн хүлээн авч эмчилдэг. Мөн эмнэлгийн менежментийг сайжруулж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарч ажиллаж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Багануур дүүрэг бол Багануурын уурхайд түшиглэн байгуулагдсан 5 хороонд ойролцоогоор 29700 оршин суугч, алба бус байдлаар 50 мянган орчим хүн ажиллаж амьдардаг. Улаанбаатар хотын дагуул хотын статустай хөгжиж байна. Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 73.6 хувьтай байна. Тус дүүрэгт нийслэлийн зүгээс 16 төсөл, хөтөлбөрөөс 10 төслийг шинээр, 6 төслийг он дамнан хэрэгжүүлж байна. Эмнэлэг, сургууль зэрэг байгууллага их засвараас гадна урсгал засваруудаа сайтар хийж, арчилгаа үйлчилгээг сайн авч явах хэрэгтэй” гэв.
Нийслэлээс нийт 10.2 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулсан дээрх 16 ажил нийт 60 орчим хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа аж. Багануурын үйлдвэр технологийн парк, Монгол Улсад анх удаа устөрөгчийн цахилгаан станц байгуулах зэргээр аж үйлдвэрийг хөгжүүлэх, цаашлаад хагас коксын үйлдвэр барих боломжтой талаар мөн хэлэлцлээ.
Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах чиглэлээр Багануур дүүрэгт хүн амьдрахад таатай нөхцөлийг бүрдүүлж, аж үйлдвэрийг хөгжүүлэх хэтийн зорилготой ажиллаж байна. Үйлдвэрүүд хөгжиж, дэд бүтэц, авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэх ажлууд явж байна. Манай дүүрэг 40 гаруй жилийн насжилттай учраас дэд бүтцэд анхаарах нь чухал. Улсын төсвөөр 4 эгнээ тойрог авто зам, цэвэрлэх байгууламжийг барих ажил явагдаж эхэлсэн” гэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.