С.Амарсайхан: “Нүүдэлчин” фестиваль нь соёлын өв, аялал жуулчлал, эдийн засгийг нэгтгэсэн томоохон тайз юм

Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ. Тус фестивалийн нээлтэд УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан оролцлоо. 
 
УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан:
-Монголчууд бид байгальтай зохицон амьдрах арга ухаанаа ашиглан олон зууны турш нүүдлийн соёлоо бүтээж, үе дамжуулан өвлөн хадгалсаар ирсэн ард түмэн билээ. Өнөөдөр дэлхийн хүн амын ердөө 1 хувь нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг бөгөөд энэ соёл улам бүр ховордсоор байна. Харин Монгол Улс бол энэхүү өвөрмөц, дахин давтагдашгүй нүүдлийн амьдралын хэв маягийг амьд хэлбэрээр хадгалж буй дэлхий дээрх цорын ганц улс юм. Манай өвөг дээдэс цаг уурын хатуу ширүүн нөхцөлд зохицон амьдарч, нүүдэлчдийн ахуй амьдралаас улбаалсан оюун санаа, уламжлал, урлаг, гар урлал, үнэт ёс заншлыг бүтээж, бидэнд өвлүүлэн үлдээсэн. Энэ бол Монгол үндэстний оршихуйн уг үндэс, дархлаа, бахархал мөн.
Тиймээс үндэсний оюун санааг нэгтгэн, язгуур нүүдлийн соёлд тулгуурласан хөгжлийн бодлого хэрэгжүүлж, соёлын ялгарлаараа дэлхийд танигдах, бусад оронтой хамтран хөгжих зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нь олон угсаатны өв соёлыг нэг дор цуглуулж, өвлөн уламжлагчид харилцан суралцах, эх түүх, угсаа, ёс заншлаараа бахархаж ирээдүй хойчдоо өвлүүлэх том боломжийг бүрдүүлж байгаад баяртай байна.
“Нүүдэлчин” фестиваль нь Монголын болон олон үндэстний угсаатны соёлыг нэгэн дор цуглуулж, түүх, уламжлал, өв соёлыг сэргээн сануулж, залуу үед өвлүүлэх, жуулчдад таниулах, соёлын эдийн засгийг хөгжүүлэх чухал төв тайз юм. Судалгаагаар манай оронд зочилж буй жуулчдын 28 хувь нь нүүдлийн соёлыг сонирхдог бөгөөд энэ нь бидний соёлоор дамжуулан эдийн засгаа тэлэх асар их нөөц боломж байгааг харуулж байна.
Монгол Улс ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет болон биет бус өвийн тоогоороо дэлхийд дээгүүрт бичигддэг. Тиймээс бид эдгээр өвийг хамгаалахын сацуу үнэ цэнийг нь өсгөж, дэлхийд таниулах шинэ шатанд гаргахыг зорьж байна. Нүүдэлчдийн үр сад болсон бид бүхэн өв соёлоо сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, үнэн зөвөөр баримтжуулах үүрэгтэй. Учир нь өнөөдрийн бидний өв соёл бол зөвхөн өнгөрсөн түүх биш ирээдүйн үндэсний дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм. Энэ бол зүгээр нэг наадам бус, үндэсний үнэ цэн, дэлхийн өв соёлыг нэгэн дор таниулах соёлын дипломат ажиллагаа юм. Монгол Улс дэлхийн нүүдэлчдийн оюун санааны төв, өвийн хамгаалагч, ирээдүйн өвлүүлэгч байх учиртай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.