Цэцэрлэгийн хүүхдүүдээс шээс, хялгасан хорхойн шинжилгээ авахгүй

Цэцэрлэгийн хүүхдүүдээс шээс, хялгасан хорхойн шинжилгээ авахгүй

Цэцэрлэгийн хүүхдүүдээс шээс, хялгасан хорхойн шинжилгээ авахгүй болсон гэж ЭМЯ-наас мэдээлэв.

ЭМЯ-ны Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд:

-Эрүүл мэндийн яам Боловсролын яаманд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан цэцэрлэгийн хүүхдүүдээс хичээл эхлэхээс өмнө цагаан хорхой, шээсний шинжилгээ авах нь ач холбогдолтой биш гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн. Шээснээс билирубин илрүүлэх шинжилгээгээр халдварт "шар өвчин"-өөр өвчилсөн эсэхийг тодорхойлдог. Тус шинжилгээнд олон жил эцэг эхчүүд хүүхдүүдээ хамрагдуулаад хэвшчихсэн.

Монгол Улсад 2012 оноос эхлэн Гепатит А буюу иргэдийн хэлж заншсанаар "бохир гарын шар өвчний" эсрэг вакциныг нэвтрүүлсэн. Нэвтрүүлснээс хойш сүүлийн гурван жилийн хугацаанд 2-6 насны хүүхдүүдийн дунд халдварт шар өвчний тохиолдол бүртгэгдээгүй. Иймд шээснээс билирубин илрүүлэх шинжилгээ өгөх нь ач холбогдолтой биш.

Түүнчлэн хялгасан хорхой болон түүний өндгийг илрүүлэх шинжилгээг хичээл эхлэхээс өмнө хийлгэх нь ач холбогдолгүй гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн. Тус шинжилгээг хүүхдийг унтсанаас хойш 2-3 цагийн дараа эсхүл өглөө бие засахаас нь өмнө гурван өдөр дараалан авсны дараа тодорхойлох нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь хүүхэд унтаж, хөдөлгөөнгүй болсон үед хялгасан хорхой биеэс гадагшилдаг. Иймд энэ үед нь сорьц, дээж авахад шинжилгээний хариу 90-95 хувь бодит гардаг.

Харин хүүхдээ дагуулаад эмнэлэгт өгч байгаа шинжилгээ нь хуурамч гарах тохиолдол өндөр. Энэ нь хялгасан хорхойн халдвар дамжих эрсдэлийг үүсгэдэг.

Иймд эдгээр шинжилгээг цэцэрлэгт суурилсан хэлбэрээр буюу хүүхэд цэцэрлэгтээ хамрагдаж байх хугацаанд нь тандалт хийх замаар хяналтад авч, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.