“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэх үүрэг өгөв

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэх үүрэг өгөв

Төрийн өмчит “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-нд өнөөдөр /2025.08.21/ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тэргүүтэй албаныхан ажиллаж байна.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-нд 1550 ажилтантай тус үйлдвэр төмрийн баяжмалын экспортыг өнгөрсөн оны мөн үеэс 530 мянган тонноор нэмэгдүүлж, борлуулалтын орлого нь 285 тэрбум төгрөгт хүрчээ. Улс орон нутгийн төсөвт 38 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэхээс 51 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Гэсэн ч хаягдал төмөр боловсруулж ган үйлдвэрлэх үндсэн үйл ажиллагаа нь орхигджээ. Жилд 120 мянган тонн хаягдал төмөр хайлуулж, 100 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай мөртлөө ердөө 18 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь хангалтгүй үзүүлэлт юм. Монгол Улсын жилийн хэрэглээ 400 мянган тонн руу дөхдөг. Ган төмөр, арматурын импортод жилд 400 сая орчим ам доллар гадагшаа урсаж байна.

Тиймээс үндсэн ажил болох ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажилдаа онцгой анхаарч үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэхийг үүргийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өгчээ. Мөн нойтон баяжуулах үйлдвэрээ ашиглах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх бодлогын шийдлүүд ойрын үед танилцуулахыг даалгасан байна. Түүнчлэн орлогоо нэмэгдүүлж, зардлаа бууруулах, худалдах авалтыг илүү ил тод болгох, хаягдал төмөр худалдан авах, ган бүтээгдэхүүн борлуулах сүлжээг оновчтой болгож, Уул уурхайн биржийн тухай хуулийг чанд мөрдөж ажиллахыг тус, тус үүрэг болгожээ. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2 цаг өмнө
Чагнаа захирал, Бадрах даргадаа ажлын амжилт хүсье, мэргэжлийн хүмүүс шүү