Ард кино театрын ногоон байгууламж бүхий талбайг 2014 оны Нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамжаар бусдад эзэмшүүлсэн байдаг. Тус хэсгийг нийтийн эзэмшилд буцааж авах захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гаргажээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театр байрлаж байсан “Од театр” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 2014 оны нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамжаар нэмэгдүүлсэн.
Энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн "Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай" 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн тул нэмэгдүүлсэн газрын хэмжээг хүчингүй болгож, 3595 ам.метр талбайг 2054 ам.метр болгож өөрчилжээ. Ингэснээр “Ард” кино театрын урд талын ногоон байгууламж бүхий талбай нийтийн эзэмшилд шилжинэ. Уг өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын наймдугаар сарын 19-ний өдрийн захирамжаар шийдэв. Уг захирамж гарсантай холбогдуулан “Од театр" ХХК-д зохих журмын дагуу мэдэгдэж, мэдээллийн санд зохих өөрчлөлт оруулан гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгожээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.