Т.Даваадалай: Авто замын ус зайлуулах шугам хоолой руу барилгын компаниуд хөрсний усаа шахаж байна

Наймдугаар сарын 20-нд үргэлжлэн орсон борооны улмаас Хүннү 2222, Жапан таун орчимд “Авто зам дээр их хэмжээний ус тогтсон” гэсэн дуудлага мэдээллийн дагуу холбогдох албаныхан өчигдөр оройн 20:00 цагт ус зайлуулах системийн хэвийн ажиллагааг хангуулж ажиллалаа. Тухайн байршилд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан нар ажилласан юм.

68a67c1a76868b67547b3236

Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Улаанбаатар хотод тархмал байдалтай хур тунадас орж, өчигдөр Таван шар орчим, Хүннү 2222, Вокзал орчим, Сонгинохайрхан дүүргийн 32-р байрны орчимд ус тогтсон. Байршлуудыг хэвийн болгож ажилласан. Хүннү 2222-ын шугамын хувьд “Суруга Монгол” ХХК хийсэн авто замын борооны ус зайлуулах шугам. Хойноосоо “Хурд” хорооллын урд талын замаас шугамуудаа холбож авчраад худгууд гаргасан ч одоо энэ шугамд гаргалгаа хийх зайлшгүй шаардлагатай болсон. Энэ байршилд 2023 онд ус тогтдоггүй байсан. 2024 онд ус тогтож, хотын дарга Х.Нямбаатар байршил дээр нь ажиллахад 2-3 байгууллага тус шугамыг таслаад усаа шавхаж байсан нөхцөл байдал тогтоогдсон. 2026 онд уг байршилд гаргалгаа гаргахаар зураг төлөвлөсөн байгаа” гэв.

68a67c3a76868b67547b323a

Нийслэлийн авто замын ус зайлуулах шугам хоолой руу барилгын компаниуд, ялангуяа шинээр баригдаж байгаа барилгууд хөрсний усаа шахах асуудал их гардаг. Үүний улмаас борооны ус зайлуулах шугам ачааллаа дийлэхгүй болох тохиолдлууд үүсдэг. Тиймээс анхнаас нь барилгуудыг борооны ус зайлуулах шугамаа шийдэж явах, уялдаатай холбоотой ажиллах хэрэгтэйг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэллээ.

68a67c4076868b67547b323b

Нийслэлийн хэмжээнд Нарны гүүрний урд тал, Энхтайваны гүүрний дор, Ажилчдын гудамж, Саппоро зэрэг их хэмжээгээр ус тогтдог байсан 24 байршилд үе шаттай ус зайлуулах шугам угсарч байгаа. Энэ жил 10 гаруй байршилд шугам угсралтын ажлыг ирэх сарын 30-ны дотор дуусгахаар ажиллаж байна. Ирэх жил ус их ихээр тогтдог үлдсэн байршлуудын шугам угсралтын ажлыг дуусгана. Наймдугаар сарын 20-21-ний бороо орж байгаа өдрүүдэд нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабт мэргэжлийн байгууллагуудын нийт 95 албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.